ДАРХАН-УУЛ: Дэд бүтэц нэмэгдсэнээр хөлбөмбөгийн спорт илүү хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-19 14:09:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хамгийн эхэнд дэд бүцтийг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай ажээ. Учир нь тамирчдыг бэлтгэх, сургууль хийх нөхцөл боломжийг хангах нь нэн тэргүүнд тавигдах асуудал. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн.

Хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хаан спорт. “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн техник, уран чадварыг зааж сургах мэргэжлийн багш нарын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолж байсан.

Тэгвэл орон нутгийн зүгээс энэ спортыг аймагтаа хөгжүүлэх, улс, тив, дэлхийд чадвараараа өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, хүүхэд, залуусын чөлөөт цагийг үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор мини болон стандарт хөлбөмбөгийн талбайг байгуулж байна. Хөлбөмбөгөөр хичээллэгч хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан “Үндэсний шигшээ баг”-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалгыг нээх хамгийн том хөшүүрэг нь дэд бүтэц буюу зориулалтын хөлбөмбөгийн талбай ажээ.

Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд сургуулиудын дэргэд болон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор спортын талбайдаа стандарт, тэр дундаа олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг Дарханч-Уул аймаг ашиглалтад орууллаа.

Өнгөрсөн долоо хоногт Дархан хотод нээлтээ хийсэн олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн нээлтэд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар оролцсон.

Тэрбээр хэлэхдээ: Ерөнхийлөгчийн санаачилсан “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөр нь таван дэд төсөлтэй. Түүний нэг нь стандарт талбайтай болох асуудал 21 аймаг есөн дүүрэгт гучин стандарт талбай байгуулах ажил хэрэгжиж байна. Үүний бодит ажлын нэг нь Дархан-Уул аймагт биелэлээ олж байгаад баяртай байна. Энэхүү талбай нь ашиглалтад орсноор Монголын хөлбөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Дэд бүтэцгүй бол хөлбөмбөг хөгжих боломжгүй. Тиймээс МХБХ бодлогын хүрээнд хөлбөмбөгийн талбайг олон болгох зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна гэв.

Дархан-Уул аймгийн тамирчдын гаргаж буй амжилт нь дасгалжуулагчтай холбоотойгоос гадна дэд бүтэц хөгжиж байгаагаараа давуу талтай. Дасгалжуулагч сайн байхын зэрэгцээ хэдийчинээ дэд бүцтийг сайжруулж, нэмэгдүүлнэ төдийчинээ Дарханы шигшээ баг дээд лигт оролцох боломж ойртоно. Тиймээс дэд бүтэц уг спортыг хөгжүүлэхэд хамгийн гол чухал үүрэгтэй гэдгийг хөлбөмбөгийн холбооныхон онцолж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр жил гаруй хугацаанд барьж ашиглалтад оруулсан уг талбайг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын идэвх зүтгэл маш их байсан гэдгийг Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан онцолж байлаа.

Стандарт талбайд бэлтгэл хийхэд тамирчдын чанар сайжирч, хувь тамирчин болон багийн үзүүлэх амжилт илүү дээшлэх ажээ. Дарханы хөлбөмбөг улсын хэмжээнд нэлээд өндөр түвшинд, дээгүүр яригдах болсон нь багш, дасгалжуулагчидтай холбоотой юм. Монгол Улсын хэмжээнд хөлбөмбөгийн спорт хөгжиж ирсэн цагаас хойш олон амжилт үзүүлж аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байсан.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд заал, талбайн тэмцээнүүдээс 12 алт, 8 мөнгө, 11 хүрэл медалийг улс, бүсийн тэмцээнээс хүртжээ. Үүнээс футзаалын хөлбөмбөгийн улсын аваргаас дөрвөн алтан медаль, талбайн улсын аваргад дөрвөн удаа түрүүлж аваргын цом өргөж байжээ. Хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн наймдугаар сард Увс аймагт зохион байгуулсан талбайн хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дарханы шигшээ баг түрүүлж аваргын цом хүртэж амжилтаа ахиулсан. Шигшээ багийн тамирчид шинээр нээгдэж буй хөлбөмбөгийн талбайгаа аваргын цомоор мялааж хүндэтгэн заллаа. Одоо Дархан хотын олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайд аймаг, бүс, улс, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой.

Өндрийн гэрэлтүүлэг, стандарт сандал, 300 автомашины зогсоол, тамирчдын хувцас солих стандарт өрөөг шийдэж өгсөн. Энэ бүхнийг аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр улсын төсөв болон орон нутгаас санхүүжүүлэн шийдвэрлэсэн. Нүүр улайх зүйлгүй сайхан талбайтай боллоо гэж хөлбөмбөг сонирхогчид баяртай байна.

Аливаа спортыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө нэгдүгээрт яригддаг. Түүнд зориулж дэд бүтцийг шийдвэрлэж, тамирчдын уралдаан тэмцээнд оролцох нөхцөл боломжоор ямагт дэмжиж байдаг аймгийн Засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын дарга А.Амараа нарт талархаж буйгаа Дарханы хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ