П.Сайнзориг: Шүгэл үлээгч зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө дуугарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-20 14:11:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. 


Хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжихээс өмнө ХЗДХ-ийн сайд, хууль санаачлагч Х.Нямбаатар тус хуулийн талаар УИХ-д танилцуулахдаа, Засгийн газраас “Монгол Улс авилгын төсөөллийн индексээр 2021 онд 111-д жагсаж байгаа”-г дараагийн 2 жилд 2 оронтой тоонд оруулах зорилт дэвшүүлсэн. Манай улсад шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй юм. Дэлхийн 30 гаруй орон шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог нэвтрүүлж, шүгэл үлээгчийг хамгаалах заалтыг бусад хуульдаа тусгасан бол зарим нь бие даасан хуультай. Хамгаалах механизмыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх үүднээс буцаан авч чадсан хөрөнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг урамшуулал болгож олгодог.


Дээрх бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэхээр Засгийн газраас шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхдагч хулуийн төслийг боловсрууллаа. Ингэхдээ хуулийн үйлчлэх хүрээг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, шударга өрсөлдөөний талаар байхаар тусгасан. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөл бүрдүүлэхээр шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, хамгаалах, урамшуулах, мөнгөн дүнгийн хэмжээг тогтоосон. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулах шинжтэй, өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд саад учруулахаас сэргийлэх зохицуулалтыг орхиогүй. Төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авилга ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалт хамаарахгүй буюу төр хувь хүний нууц задруулсан гэж хуулийн хариуцлага хүлээлгэхгүйгээр зохицуулсныг онцолсон юм.


Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут, “Хуулийн төслийг дэмжиж байна. Авилгын индексээр 111-д жагсаж буй улсын хувьд энэ төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ үүссэн нь үнэн. Шүгэл үлээснэээр мөнгө, урамшуулал авах гэж хилсээр гүтгэх, дургүй хүнээ матах, мөрдүүлэх, иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, 1930-аад оны нөхцөл байдал давтагдах вий. Үүнийг хязгаарлах шалгуурыг хуульд хэрхэн тогтоосон бэ? Хуульд мэдээллийг 6 байгууллагад ирүүлэхээр заажээ. Эдгээр байгууллагад хандахгүй л бол шүгэл үлээсэн гэж үзэхгүй юү?


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, шүгэл үлээж буй хүмүүсийнхээ эрх зүйн байдлыг хамгаалж, элдэв шахалт, хардлага, мөрдлөгөд оруулахгүй байх үүднээс хуулиар хамгаалах зорилготой. Матаасны тогтолцоог сэргээж байна гэсэн болгоомжлол бий. Хуучин нийгэмд хүнийг үндэс угсаа, шашин шүтлэгээ нуусныг матдаг байсан. Шинэ Үндсэн хуулиар Хүний эрхийн суурь зарчимд нийцсэн эрх зүйн тогтцоотой нийгмийг хуучинтай адилтгаж болохгүй. Бүх хүнийг олон нийтийн хяналт руу чиглүүлж байгаа юм.


ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг, “Хуучин цагийн матаас гэдэг ойлголт хувь хүн рүү чиглэж байсан. Энэ удаагийн шүгэл үлээгч зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө гэдгээрээ ялгаатай. Нийтийн эрх ашгийг авилга ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн гэсэн тодорхой хүрээнд авч үзнэ. Хүлээж авах сувгийг хэт өргөн болгож болохгүй, 6 байгууллага нь гэмт хэрэг зөрчлийг шалгадаг газар юм. Мөнгөн урамшууллыг заавал өгнө гэсэн үг биш. Шүгэл үлээхэд шүүхээр эцэслэн шийдэгдэх ёстой. Үүний дараа мэдээлэгч этгээд хүсэлт гаргавал гэмт хэрэг, зөрчлийн улмаас орж ирсэн орлогоос тодорхой урамшуулал олгоно гэж байгаа. Нууц гэсэн халхавчийн дор олон авилга, ашиг сонирхлын хэрэг дарагддаг гэх олон нийтийн шүүмжлэлийг нээж өгч байгаа. Хувийн ашиг сонирхол, өс хонзон авах байдлаар шүгэл үлээхийг хориглож өгсөн. Тодорххой хуулийн харицуцлагатай байхаар зохицуулсан.


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, “Хуулийн төслийг дэмжиж байгаа. Матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Тодорхой санхүү, банк, үнэт цаас, койны арилжаатай, энгийн иргэдийг алдагдалд оруулсан гэмт хэрэгт байж болох юм. Бусад тохиолдолд ерөнхий зохицуулалт, шалгуургүй мөнгөн урамшуулал олговол аюултай, тэр чигээрээ бизнес болно. Хуулийн төсөлд урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэл гэсэн нь хүмүүст мөнгө л бодогдуулна. Мөнгөн урамшууллыг яаж зохицуулсан бэ, нарийн шалгуур нь юу вэ, ямар тохиолдолд мөнгөн урамшуулал тооцох юм”?


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Шүгэл үлээгчийн харилцааг хуучин нийгмийн үеийн матаасны тогтолцооноос өөрөөр ойлгоосой. Шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал үүсгэсэн үйлдэл бүрийг олон нийтийн хяналтад орулах гэж байгаа. Санхүүгийн салбарын мөнгөн урамшуулалтай холбоотой харилцаа нь хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал. УИХ өмнө нь энэ төрлийн хууль батлаагүй, анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлж байна. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хэлэлцэх үеэр санхүүгийн салбарын шүгэл үлээх тогтолцоог өргөжүүлэн оруулах боломтжой. Мөн 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн урамшууллын тогтолцоотой байхаар оруулж ирсэн. Урамшууллын зөвлөл хэлэлцэж, шүгэл үлээсэн нь үндэслэлтэй, учирсан хорхирлыг нь арилгуулах боломжтой дүгнэлтийг үндэслэн асуудлыг шийдэх юм.

 

Холбоотой мэдээ