Казахстанд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнөөдөр дуусна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-21 10:54:19

АСТАНА. /Kazinform/. Ирэх сарын сүүлчээр болох Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа баасан гаргийн орой дуусна. Энэ мөчөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, сар орчим үргэлжилнэ.


Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев есдүгээр сарын 1-нд ард иргэддээ хандаж үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ намар, 2023 оны эхний хагаст Мажилис (Парламентын доод танхим) болон маслихатсын (орон нутгийн төлөөллийн байгууллагууд) ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэж мэдэгдсэн юм. Есдүгээр сарын 17-нд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд түүнд зааснаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин сонгогдох эрхгүйгээр долоон жилээр хязгаарласан байна. Есдүгээр сарын 21-нд Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн сонгуулийг 11 дүгээр сарын 20-нд товлон зарлав.


Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг 11 дугаар сарын 11-нд тодруулж дууссан. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 10 дугаар сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн өмнөх сурталчилгаа 11 дүгээр сарын 19-ний 00:00 цагт дуусна. 


СЕХ нийт 12 нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээн авсны дотор одоогийн төрийн тэргүүн байгаа юм. Токаев парламентад суудалтай гурван намаас бүрдсэн, түүний дэмжлэгтэйгээр байгуулагдсан "Ардын эвсэл"-ээс нэр дэвшжээ. 


Казахстаны хууль тогтоомжид заасны дагуу тус улсын Ерөнхийлөгчөөр 40-өөс доошгүй настай, төрийн (казах) хэлээр чөлөөтэй ярьдаг, Казахстанд сүүлийн 15 жил амьдарч байгаа, дээд боловсролтой иргэн сонгогдож болно. Иргэн сонгогдохын тулд төрийн албанд таваас доошгүй жил ажилласан туршлагатай, сонгуулийн идэвхтэй эрхтэй байх ёстой байна.


12 нэр дэвшигчийн гурав нь тогтоосон шаардлагыг бүрэн хангаагүй тул СЕХ бүртгэхээс татгалзсан байна. Нийслэлийн шүүхээс бас нэг нэр дэвшигчийн тухай протоколыг хүчингүйд тооцжээ. 


Өнөөдрийн байдлаар СЕХ зургаан нэр дэвшигчийг бүртгээд байна. Тэдний дунд Токаеваас гадна, Казахстаны үйлдвэрчний эвлэлийн “Аманат” хамтын нөхөрлөлөөс нэр дэвшсэн эдийн засагч Мейрам Кажыкен, “Ауыл” Ардын-ардчилсан эх оронч намаас нэр дэвшигч Жигули Дайрабаев, "Мэргэжлийн нийгмийн ажилтны үндэсний холбоо” олон нийтийн нийгэмлэгээс дэвшүүлсэн  Каракат Абден,  "Казак аналари - дастурге Жолы" ("Казах эхчүүд - уламжлалд хүрэх зам") нийгэмлэгээс дэвшсэн Салтанат Турсынбекова, мөн сөрөг хүчний "Бүх үндэсний социал демократ нам"-ын нийслэлийн салбарын дарга Нурлан Ауесбаев нар байна. 


Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 онд болох ёстой байжээ.


Холбоотой мэдээ