ХОВД: Байт харвааны спортоор 30 гаруй тамирчин хичээллэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-22 12:06:24

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймагт анх удаа Байт харвааны аварга шалгаруулах заалны тэмцээн болжөж байна. 


Энэхүү тэмцээн нь байт харвааны спортыг сурталчлах, тамирчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, тэдний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилготой.  


Иргэдийн наадмын хүрээнд зохион байгуулж буй “2022 оны Ховд аймгийн Байт харвааны аварга шалгаруулах заалны анхдугаар тэмцээн”-д өнөөдөр насанд хүрэгч, өсвөр үе, бага нас гэсэн гурван насны ангиллын дагуу 30 тамирчин оролцож байна. 


Ховд аймагт одоогоор нэг “Залуурт сум” клуб үйл ажиллагаа явуулж, байт харвааны тамирчдыг бэлтгэн, байт харвааны спортыг орон нутагт нутагшуулах, хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Байт харваа нь нум ба сум ашиглан байг онож өрсөлддөг спорт юм. Одоогоор энэ төрлийн спортоор хичээллэж буй 30 гаруй тамирчин Ховд аймагт бий. Тэд 2021 оноос эхлэн улс, бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, эхнээсээ амжилт үзүүлсээр явна.    


Ховд аймгийн Биеийн тамир, спортын газраас орон нутгийн тамирчдыг дэмжих, спортын төрлүүдийг хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд “Спортын аварга” дэд хөтөлбөр мөн хэрэгжиж буй.  


Холбоотой мэдээ