Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-27 15:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах үүрэгтэй гэж тусгажээ. Барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой харилцааг анхдагч хууль гарган зохицуулж байгаатай холбогдуулан нэгэнт бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх газрын удирдлага, менежерийг 1 жилийн дотор сургалтад үнэ төлбөргүй хамруулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзжээ.


Хууль зүйн байнгын хороо өчигдөрийн хуралдаанаараа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь дэмжсэнийг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.


Д.Цогтбаатар гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ