БАЯНХОНГОР: Хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-31 11:46:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Оролцоог эрхэмлэе, Хөгжлийг түүчээлье" уриан дор Баянхонгор аймгийн Хүүхдийн чуулган боллоо. Чуулганд сум, сургуулиа төлөөлсөн 140 хүүхэд, хүүхдийн элч нар, сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд оролцож өмнөх чуулганы шийдвэрийн хэрэгжилтийг сонсож, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэв.


Улаан, ногоон, цэнхэр, шар, цагаан өнгийн таван салбар хуралдаан мөн үеэр болж, үе тэнгийн дээрэлхэлт гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөгжил оролцоо, бэрхшээлийг шийдвэрлэх арга зам, эрүүл мэндийн асуудал, хүүхдийн элч нарын шийдэл зэрэг олон асуудлыг бүлэглэн, шийдвэр гаргагч нарт танилцуулж аймгийнхаа бодлогын баримт бичигт тусгуулах асуудлаа эрэмбэлэн танилцууллаа.


Хүүхдүүдээс гарсан маш чухал, хойшлуулшгүй санал санаачилгад, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн байгууллагын ёс зүй хандлага харилцаа, шүдний эрүүл мэнд, сэтгэл зүйч, эрүүл мэндийн боловсролыг чанаржуулах зэрэг асуудлууд эрэмбэлэгдсэн бөгөөд тэдгээрийг аймгийн Засаг дарга, ИТХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.


Хүүхдүүд сургуулийн орчинд худалдаж буй хоолны үнэ, тамхи, ширхэгийн барааны чанар, мөн багш нарын төлбөртэй сургалт дугуйлангийн үнэ чанарын асуудлыг мөн хөнджээ. 

Холбоотой мэдээ