БАЯНХОНГОР: 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-07 11:22:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын Цэлгэр багийн “Монголын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 38 км-т, Ө-44°51’36.0”, У-100°41’24.0”/ 2022.11.06-ны өдрийн 18:34 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Тухайн мэдээллийг мөн өдрийн 18.41 цагт ШУА-ийн ООГХ-ээс аймгийн Онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлжээ. 

Богд сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд Баянговь сумын зарим иргэнд сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэлээ.

Сонирхуулахад, Монголын хоолой, Хонгор, Давхар, Бор үзүүр, Үхэр толгойн өргөн цэнхэр талууд, Орог нуурын хөвөө, Толь нарийн цагаан, Их булагийн элсэн манхан зэрэг сонин тогтоцтой газрууд тус суманд олон бий. 1957 оны 12 дугаар сарын 4-нд Их Богд ууланд болсон 11.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн ул мөр 100 км үргэлжилсэн газрын хагарал өнөө хүртэл эдгээгүй байна. Уул хагарч Битүүтийн хөндийд унаж голын усыг боосноос үүссэн нуур ч хэвээрээ байдаг.

Холбоотой мэдээ