ДОРНОГОВЬ: Хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэвийн нэрэмжит болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-07 16:47:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийг тус сумын харьяат Монгол Улсын хүний гавьяат их эмч, клиникийн профессор Б.Хэнмэдэхэвийн нэрэмжит болгожээ.

Эл шийдвэрийг  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  энэ оны 07/16 дугаар тогтоолоор баталсан бөгөөд Алтанширээ сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвөөс энэ оны есдүгээр сарын 22-нд гавьяат эмчид хүндэтгэл илэрхийлж, алдаршуулсан байна.

Монгол Улсын гавьяат эмч Б.Хэнмэдэхэв сумынхаа эрүүл мэндийн төвийн төрөх өрөөг иж бүрэн тохижуулж, 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулжээ. Ард олондоо “Хэмээ” эмч хэмээн алдаршсан тэрбээр 1973 онд хуучнаар Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсч Алтанширээ суманд томилогдон ажлын гараагаа эхэлснээс хойш Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш, 1976-1997 он хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Төрөх эмэгтэйчүүдийн их эмч, төрөх тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан 21 жилийн хугацаанд 182645 эмэгтэйд амбулаторийн үзлэг, 6268 эхийг эсэн мэнд амаржуулж, 1763 хүнд сэхээн амьдруулах арга хэмжээ авч, 3121 хүнд том, жижиг мэс ажилбар гардан хийж, 478 удаа төв, хөдөөгийн яаралтай дуудлагад үйлчилж, 126 эмэгтэйд хөдөө сумын мэс ажилбар хийсэн манай улсын тэргүүний эмч нарын нэг юм.

Холбоотой мэдээ