ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: Өсөлтөөр хязгаарлагдахгүй боломж

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2022-11-08 16:26:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засаг агшиж, улс орны хөгжлийг урагшлуулах гадаадын хөрөнгө оруулалт сааран, ам.долларын ханш дээд цэгтээ хүрч өссөн хүнд бэрх сорилтуудтай бид нүүр тулж байна. Гэвч хүндхэн энэ үеүдэд Хөрөнгийн зах зээлийн өсөлт Монголын эдийн засагт гэрэл нэмсэн гэж хэлж болно.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОГЦОМ ӨСӨЛТ 2011 ОНЫХТОЙ ДҮЙВ

Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр 2011 онд Хөрөнгийн зах зээл түүхэн дээд амжилтаар цойлсон нь яг 10 жилийн дараа буюу өнгөрөгч онд Дэлхийн зах зээлийг тэргүүлэв. Тодруулбал 2011 онд Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-тэй харьцуулбал 16.7 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд энэ нь 16.50 хувьд хүрч, Хөрөнгийн биржийн 30 жилийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлтийг үзүүлснээрээ дэлхийд онцгойрсон юм.  

Тэлэлт үзүүлсэн энэхүү үсрэнгүй өсөлтийн шалтгааныг мэргэжилтнүүд  хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Монголбанкны бодлогын хүү түүхэн доод түвшинд хүрч, хадгаламжийн хүү буурсан явдал хөрөнгийн зах зээлийг тэлэхэд түлхэц үзүүлснийг салбарынхан онцолсон. Өөрөөр хэлбэл иргэд Хадгаламжийн хүү буурч эхлэнгүүт  өөр хөрөнгө оруулалтын гарцыг эрэлхийлж, хүүгээс өгөөжтэй салбарын эрэлд гарсан гэсэн үг. Бүх зүйл хумигдмал цар тахлын үед хөрөнгийн зах зээл ийнхүү хүмүүсийн анхаарлын төвд орж ирснээр үсрэнгүй тэлэлтийг бий болгов. Нөгөөтэйгүүр Хөрөнгийн зах зээлийг татварын бодлого дэмжсэнийг мэргэжилтнүүд хэлж байна. 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Татварын тухай хуулинд Хөрөнгийн зах зээлийг дэмжсэн хэд, хэдэн таатай нөхцлийг тусгасан. Тодруулбал, хувьцаат компанийн ногдол ашгийн албан татварыг 10 хувь байсныг 5 хувь руу оруулсан. Улмаар Бонд буюу Өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татварыг 10 хувиас 5 хувь болгож бууруулсан нь дээрх өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болох юм


ГАР УТСААРАА АРИЛЖААНД ОРОЛЦСОНООР ЦАГ ХУГАЦААГ ДӨТЛӨВ

30 жилийн тэртээ цэнхэр, ягаан тасалбараар хэмжигдэж байсан Хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд маш олон дэвшил гарсан. Олон улсын жишигт нийцсэн техник, технологийг нэвтрүүлснээр хөгжлийн шинэ шанг татсан гэж хэлж болох юм. Цар тахлын үед Үнэт цаасны компаниуд цахимжиж эхэлснээр иргэд гар утаснаасаа хувьцааны данс нээхээс эхлээд цахим арилжаанд оролцох боломж бүрдсэн. Энэхүү технологийн дэвшлийг дагаад 2021 оны жилийн эцэст Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгтэй тэнцэж өмнөх оноос 95.4 хувиар буюу огцом өсөлтийг үзүүлсэн.


Улмаар Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2021 оны эцсийн байдлаар 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулбал тав дахин өндөр үзүүлэлтийг үзүүлжээ. Түүнчлэн компанийн санхүү, эдийн засгийн болон үр ашгийн үзүүлэлтүүд сайжирснаар Монголын Хөрөнгийн Бирж 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан байна. Улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг хугацаанд нь төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь 30 жилд үзүүлээгүй түүхэн дээд амжилт гэдгийг Хөрөнгийн биржээс онцолсон.


СU СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ОЛОН НИЙТЭЭС 24.9 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОЖЭЭ

Хөрөнгийн зах зээлд огцом өсөлтийг үзүүлсэн 2011 оны хувьд 90 гаруй хувийг гадны хөрөнгө оруулагчид бүрдүүлж байсан бол өнгөрөгч онд эсрэгээрээ 73 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид, 25 хувийг хувь хүмүүс бүрдүүлжээ. Энэ тоо иргэдийн хөрөнгө оруулах хандлага хэрхэн өөрчлөгдөж, идэвхжсэнийг илэрхийлж буй юм.


Хувьцааны арилжааг анхдагч, хоёрдогч гэж хоёр хуваадаг. 2020 онд шинэ бүтээгдэхүүн гаргаж олон нийтээс хөрөнгө татсан нийт дүн таван тэрбум төгрөгөөр хэмжигдэж байв. Тухайлбал, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2020 онд 48 тэрбум төгрөгийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн онд 230 тэрбум болж өссөн байна. Түүнчлэн Монголын Хөрөнгийн бирж дээр зургаан шинэ бүтээгдэхүүн гарч, олон нийтээс дараах мөнгийг төвлөрүүлжээ. Тодруулбал, “Инвескор Актив” ТЗК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган 4 тэрбум  төгрөгийг зах зээлд татан төвлөрүүлсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон 677.7 тэрбум төгрөгийг босгосон. Мөн “Инвескор ББСБ” ХК 8 тэрбум, “Лэнд мн” ББСБ 5 тэрбум, “Сэнтрал экспрэс” буюу бидний хэлж заншсанаар СU сүлжээ дэлгүүр 24.9 тэрбум төгрөг, “Богд банк” олон нийтэд хувьцаагаа санал болгосноор 31.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.


БИРЖИЙН БУС АРИЛЖААНААС  681.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БҮРДҮҮЛЭВ

Өнгөрсөн оны хувьд бас нэгэн онцлох зүйл нь олон жил нэг тулгууртай явж ирсэн Хөрөнгийн зах зээлийн хувьд хоёр дахь баганыг бий болгосон явдал юм. Дэлхийн жишгийн дагуу биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр эдүгээ 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснийг албаныхан тодотгосон. Энэ нь биржийн арилжаанд тодорхой ахиц гаргасан гэдгийг салбарынхан хэлж буй юм.


Биржийн бус захын гол давуу тал нь зөвхөн мэргэжлийн тоглогчид арилжаанд оролцдог тул хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бүртгэлийг богино хугацаанд шийддэгээрээ онцлогтой. Улмаар хөрөнгийн зах зээлийг эрчимжихэд үнэт цаасны давхар бүртгэлийг бий болгосон нь томоохон хөшүүрэг болсон гэдгийг салбарынхан тодотгож байна. Өөрөөр хэлбэл гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах боломж бүрдсэн. Монголын Хөрөнгийн бирж болон Торонтогийн хөрөнгийн бирж хооронд хөрвөн арилжаалагдах боломжийг журмаар цэгцэлснээр гадаадад гарсан компаниуд дотоодын хөрөнгийн биржид орж ирсэн. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент Корпорэйшн” ХК Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлсэн юм.

2022 ОН ӨНГӨРСӨН ОНЫ ТЭСРЭЛТИЙГ ГҮЙЦЭХГҮЙ

2021 он хөрөнгийн зах зээлийн хувьд өмнө үзэгдээгүй өндөр идэвхжилтэй жил болж өнгөрсөн. Харин энэ оны хувьд өнгөрсөн оны тэсрэлтийг гүйцэхгүй нь тодорхой болов. Системийн нөлөө бүхий банкууд нээлттэй компани болсноор Монголын томоохон аж ахуйн нэгжүүд Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах нь зах зээлд томоохон жин дарна гэсэн хүлээлт байв. Одоогоор Төрийн банк IPO гаргаад буй бөгөөд 37 мянган ширхэг хувьцааны нэг бүрийг 590 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. Ингэснээр тэд зах зээлээс 22.1 тэрбум төгрөг татна гэж төлөвлөжээ. Одоогийн байдлаар Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4,7 88.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрээд байна. Нийт дүнгээр 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан гэсэн дүн мэдээ гарсан. Үүнийг задалбал арилжааны 45.8 хувийг хувьцаа, 32 хувийг компанийн бонд, 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан эзэлж буй юм. Мөн Топ 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилж үзвэл аж үйлдвэр 56.3 хувь, уул уурхай 19.7 хувь, банк санхүүгийн салбар 17.4 хувь, худалдаа үйлчилгээ 4.4 хувь, харилцаа холбоо 2.2 хувийг тус тус эзэлж байна.


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХЭД ТЭТГЭВРИЙН САН ХӨШҮҮРЭГ ҮЗҮҮЛНЭ

Цаашид Хөрөнгийн зах зээлийг тэлэхийн тулд хэрхэх вэ гэдэгт мэргэжилтнүүд өөр, өөрсдийн тайлбарыг хийж ирсэн. Тэд Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгон хөгжүүлэх нь илүү мэргэжлийн түвшинд хүрнэ хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын санг бий болгон үйл ажиллагааг нь тогтворжуулснаар Хөрөнгийн зах зээл хөгжиж, улмаар баялгийн шударга хуваарилалт бий болох сайн талтай юм. Олон улсад хүчээ авч буй сангуудын хувьд Тэтгэвэрийн сан хамгийн боломжит хувилбар. Манай улсын хувьд тэтгэврийн сангийн тогтолцоог шинэчилж, урт хугацааны хөрөнгө төвлөрүүлэн эргэлдүүлэх боломж бий. Түүнчлэн хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад томоохон аж ахуйн нэгжүүд нь хөрөнгийн зах зээлийн гол тоглогчид байдаг бөгөөд тэд эдийн засагтаа тэргүүлэх жин дарсаар ирсэн. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн дийлэнх тоглогчид богино хугацаанд хөрөнгөө өсгөх сонирхол нь давамгайлсныг шүүмжилдэг. Тиймээс хэтдээ урт хугацааны хөрөнгө оруулалтыг чухалчилж, тойргийн гадна үлдэх жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг цэгцлэхээс эхлээд гараан дээр байгаа Хөрөнгийн зах зээлийг бодлогоор хөгжүүлэх зоригтой алхамуудыг хийх нь чухал гэдгийг салбарынхан онцолж буй юм. 

Холбоотой мэдээ