Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төслийг чуулганы эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-08 16:29:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан. Ингэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.


УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Н.Энхболд нарын санал хуралдаанд оролцсон 12 гишүүний ес буюу гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсанаар төслийн 1 дүгээр зүйлийг “Сумын болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөн тусгахаар болж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ