БАЯНХОНГОР: Зах зээлд борлуулах, хүнсэнд хэрэгцээлэх 442.4 мянган толгой мал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-10 12:50:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022-2023 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог малын төрөл сүргийн зохистой харьцаанд тохируулан сум бүрээр нэгтгэн гаргажээ. Дүн шинжилгээ хийсний үндсэн дээр эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох төлөвлөгөө хуваарь гарган хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хамтран ажиллах аж.


Тус аймгийн хувьд бэлчээрийн хүрэлцээ хангамж 53.5 хувьтай бөгөөд үүнд хонин толгойд шилжүүлснээр 2.1 сая толгой мал өвөлжиж, хаваржих боломжтой. Урьдчилсан байдлаар зах зээлд борлуулах, хүнсэнд хэрэгцээлэх 442.4 мянган толгой мал байгаа аж.


Аймгийн хэмжээнд үйлдвэрийн аргаар мал мах бэлтгэж экспортолдог нэг үйлдвэр байдаг бөгөөд "Мал мах бэлтгэх 2022" нэгдсэн үйл ажиллагааг 11, 12 дугаар сард гүйцэтгэнэ. Баянхонгор констракшны “Мах март” махны үйлдвэр нь мах бэлтгэлийн ажлыг өнгөрсөн сараас эхэлж, хонь 800, адуу 210 толгой тус тус нядалгаанд оруулжээ.


Сонирхуулахад, "Мах март" ХХК, "Баянжаргант хүнс" ХХК хамтран 2021-2022 оны нөөцөд 360 тн мах бэлтгэж, гэрээний дагуу тухайн үеийн зах зээлийн ханшаас 500-1000 төгрөгийн хямд борлуулсан байна. Махны 2023 оны хаврын улирлын нөөцийг өөрсдийн зоорийн боломжит 200 тн махыг бэлтгэх боломжтой бөгөөд бэлтгэн нийлүүлсэн аж ахуйн нэгжид орон нутгийн нөөц хөрөнгөөс мөнгөн урамшууллыг олгохоор ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ