Төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар Хан-Уул дүүргийн Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн,
ногоон байгууламжийг нэмэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон орчин
үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлал, спортын
цогцолбор байгуулах төслүүдэд төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар санамж
бичгийг байгуулжээ.
Энэ хүрээнд талууд нийтийн эдэлбэр 5 га газар олон нийтийн
цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн
морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн
байгуулах 2 төслийг
хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
Хамтран ажиллах санамж бичигт тусгаснаар аж ахуйн нэгж тус
бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийднэ. Тодруулбал, тэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт,
санхүүжилтийг татах ажлыг зохион байгуулж, бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулах үүрэг хүлээж
буй. Харин нийслэлээс төслийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан, батлуулахтай холбоотой асуудлыг
зохих журмын дагуу шийдэх үүрэг хүлээж байгаа юм.