ЗАВХАН: “Өнгө аялгуу” нэртэй орон нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-22 16:59:29

Завхан /МОНЦАМЭ/. Улиастайд орон нутгийн уран бүтээлчдийн "Өнгө аялгуу" нэртэй хамтарсан үзэсгэлэнг нээжээ.

Монголын урчуудын эвлэлийн 80, Завхан аймаг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан, аймгийн Соёл, урлагийн газар, Монголын урчуудын эвлэлийн Завхан аймаг дахь салбар, МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар хамтран соёлын бүтээлч сарын хүрээнд  "Өнгө аялгуу" хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд урчуудын эвлэлийн 30 орчим уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран бичлэг, уран хатгамал, сийлбэр зэрэг 120 гаруй бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнг энэ сарын 27-ны өдрийг хүртэл гаргана.

Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож, “Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдэд орон нутгийн байгалийн өвөрмөц дүр төрх болсон Очирваань хайрхныг зураачид олон янзаар зуржээ. Тиймээс Очирваань хайрхны зургуудаар дагнасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож болох юм. Түүнчлэн орон нутагтаа уран зургаа өөр өөрийн өнгө төрхөөр урлаж, хүүхэд залуучуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье" гэж уран бүтээлчдэд амжилт хүссэн. Ер нь хөдөө орон нутагтаа уран бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэдний уран бүтээлийг бүх талаар дэмжих. Болж өгвөл уран бүтээлчдийнхээ бүтээлүүдээс худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, энэ мэтчлэн үзэсгэлэнг жилд нэг удаа тодорхой агуулгын хүрээнд зохион байгуулдаг болох. Орон нутгийн уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх гэхчлэн олон талаар зураач, урчуудтай хамтран ажиллахаар болсон гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.




 

Монголын Урчуудын эвлэлийн Завхан аймаг дахь салбарын дарга, зураач, дүрслэх урлаг судлаач М.Анхцэцэг:

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс худалдаж

авч болно

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-Өнгө аялгуу үзэсгэлэнд зөвхөн орон нутагтаа уран бүтээлээ хийж байгаа зураач, урчууд оролцсон. Өөрөөр хэлбэл, аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургуулиудын зургийн багш нар, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн багш, суралцагчид, оюутнууд, чөлөөт уран бүтээлчид, ахмад зураач, урчууд гээд 30 орчим уран бүтээлч бүтээлүүдээ дэлгэсэн байгаа.

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн 60 орчим хувийг Завхан аймгийн үзэсгэлэнт байгалийн болон малчдын аж байдалтай холбоотой уран зургууд эзэлж байна. Мөн шинэ залуу уран бүтээлчид оролцож байна. Тухайлбал 16 настай оюутан бүтээлээ ирүүлсэн. Харин хамгийн ахмад буюу 77 настай зураач н.Мягмар гуайн уран бүтээлүүдийг ч энд бий. 

Анх 2019 онд орон нутагтаа дүрслэх урлагийн бүх төрлөөр уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдээ нэгтгэх гэсэн санаагаа ажил хэрэг болгосон.

Түүнээс хойш манай орон нутгийн уран бүтээлчид хамтарсан “Өнгө аялгуу” нэртэй хоёр дахь үзэсгэлэнгээ нээгээд буй нь энэ юм.

Завхан аймгийн зураач, урчуудын эвлэл 54 жилийн түүхтэй. Уран бүтээлчид маань ч чамгүй авьяастай. 1946 онд МАХН-ын бүгд хурлын тогтоолд “Аймгийн төвүүдэд уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулан, түүнийг удирдах хүмүүсийг бэлтгэх зорилгоор уран зураг ба гэрэл зурагч нарыг бэлтгэх  курсийг зохион явуулсугай” гэсэн тогтоолын  дагуу 1946 онд Завхан аймгийн Урчуудын эвлэл анх “Гар зургийн газар” нэртэй гурван орон тоотой байгуулагдаж байсан түүхтэй юм билээ.

Анхны даргаар Г.Бямбажав, зураач Баттогтох, Минжүүр нар томилогдон ажиллаж байжээ. Тэд айл гэрийн тавилга, эд хэрэглэл будах, хээлэх, албан байгууллагын захиалгаар самбар, үзүүлэн хийж байсан байдаг.

Тэгэхээр түүх намтар нь зузаан энэ эвлэлд уран бүтээлчдээ нэгтгэж, тэдний уран бүтээлийг олон нийтэд дэлгэн, уран зураг, уран баримал, бусад төрлийн бүтээлүүдийг нь сурталчилж, бүтээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх нь манай эвлэлийн зорилго юм.

 

-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс худалдан авалт хийх боломжтой юу?

-Тэгэлгүй яах вэ. Болно шүү дээ. Иргэд таалагдсан уран бүтээлээ тухайн зураач, урчуудтай холбогдоод худалдан авалт хийж байна. Одоогийн байдлаар зургаан уран бүтээлчийн хэд хэдэн бүтээл эзнээ олсон байна.

Ер нь энэ үзэсгэлэнг зохион байгуулахдаа, уран зураг цуглуулагчид, сонирхогчид, олон нийтэд урлагийн давтагдашгүй бүтээлийг хүргэх. Зураач, уран бүтээлчдээ дэмжих зорилготой юм. Уран зураг, уран баримал, зураасан зураг, арьсан зураг, орчин үеийн абстракт зургаас бүрдсэн үзэсгэлэн шүү дээ. Тухайн зураачтай, уран бүтээл бүрийн дор тавьсан тайлбар мэдээллээс холбогдох дугаараар нь ярилцаж тохироод үзэсгэлэн дуусахаар бүтээлүүдээ авч болох юм.

 

-Үзэсгэлэнг нээгээд тав хонож байна. Үзэгчид хэр байна вэ?

-Үзэсгэлэнг одоогийн байдлаар хүүхэд залуус маш их үзэж байгаа. Анги хамт олноороо, гэр бүлээрээ гээд үзэгчид тасрахгүй байна. Давхардсан тоогоор хүүхэд залуучууд, насанд хүрэгчид гээд 400 орчим хүн үзжээ. Үзэсгэлэнг үзээд өнгөрөх биш, тухайн уран бүтээлийн сонирхолтой түүх, уран зураг баримлын талаарх мэдлэг мэдээллийг бид, ялангуяа үзэсгэлэн үзэж байгаа хүүхэд залуучуудад өгч байгаа.

Ер нь уран зураг хүнийг тайвшруулдаг сэтгэл засдаг урлаг юм гээд, уран зургийн хүүхдэд эергээр нөлөөлөх ач холбогдлыг тоочвол их шүү дээ. Хүүхэд бүх хүсэл мөрөөдөл, бодлоо хамгийн түрүүнд зургаар илэрхийлдэг. Тиймээс манай уран бүтээлчид цагт баригдалгүйгээр бүх насныханд уран зургийн талаарх ойлголтыг хэлж өгч байна.

Тухайлбал, үзэсгэлэн үзэж байгаа хүүхдүүд асууж байна л даа. Авьяастай хүн л зураач болдог уу гэж. Мэдрэмж хамгийн чухал. Гэхдээ авьяас бас хэрэгтэй. Мэдрэмж дээр суурилсан авьяасаа өнгөлөн зүлгэх, хөдөлмөрлөх, зүтгэж байж уран бүтээлч болно гэж тэдэнд хэлж байна.


-Хөдөө орон нутагт зураачид хэрхэн орлого олж амьжиргаагаа залгуулдаг вэ? Боломж бий юу?

-За энэ бол хариулахад их хэцүү, гэхдээ би хариулахыг хичээе. Гадаадад бол хамгийн баян хүн зураач байдаг. Яагаад гэвэл хүмүүсийнх нь сэтгэлгээ аль хэдийнэ ахуйн хэрэглээнээсээ салаад оюуны хэрэгцээ рүүгээ хандсан учраас. Харин нь манай хөдөө орон нутгийн хувьд хүмүүс нь уран зургаас илүү булган шуб, годон гутал, үнэтэй машин, энгэсэг, гоо сайхны бараа таваар гээд материаллаг зүйлээс сэтгэл ханамж илүү авдаг юм шиг санагддаг. Энэ бол миний бодол шүү.

Гэхдээ бидэнд боломж байгаа, яагаад тайван амгалан хөдөө орон нутагтаа зураад, төв суурин газар луу борлуулж болохгүй гэж.  Бодох хөдөлмөрлөх л хэрэгтэй. Ийм ч учраас Завхан аймгийн урчуудын салбарын уран бүтээлчид нэгдсэн бодлогоор уран бүтээлээ борлуулах гарц гаргалгааг ярилцаж байгаа.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд зураачид баян байдаг уу гэж нэг үзэгч асуусан. Хүсэл мөрөөдөл, сэтгэл зүрхээ зотон дээр байнга буулгадаг болохоор эдийн шунал, сэтгэлийн шаналал зураач нарт бага байдаг. Ер нь уран бүтээлч бүхэн, сэтгэлээрээ үргэлж л баян байдаг байх. Бүтээл төрөх үед бүр баян болно шүү дээ. Эд материалаар дүгнэвэл хамгийн ядуу хүмүүс шүү дээ. 

-Танд баярлалаа.











Холбоотой мэдээ