Гарамгай амжилт гаргасан тамирчдад Монгол Улсын Гавьяат цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-26 10:30:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан тив дэлхийн тэмцээнд гарамгай амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчдад өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулав.


Жүдо бөхийн спортоор 15 жил хичээллэхдээ тив, дэлхий, олон улсын дээд ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцон 12 хүрэл, 5 мөнгө, 6 алтан медаль хүртэж, Өсвөр үеийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж, “Токио-2020” зуны олимпын их наадмаас хүрэл медаль, 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг хүртэж эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн хөдөлмөр зүтгэл, жүдо бөхийн спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.


Мөн чөлөөт бүхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Болортуяа, буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Лхагвагэрэл, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын шигшээ багийн мастер Г.Болор-Эрдэнэ, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Х.Энхтуяа нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв. 







Холбоотой мэдээ