ӨМНӨГОВЬ: “Ойлгоё - Хайрлая” хөвгүүдэд зориулсан нөлөөллийн ажил зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-30 08:45:13

Өмнөговь/МОНЦАМЭ/  Даланзадгад сумын хэмжээнд хэрэгжиж байгаа “Дэвшилтэт хотын оюунлаг залуучууд”, “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур”, “Чадварлаг багш хөгжсөн хүүхэд” зэрэг дөрвөн дэд хөтөлбөрийн  хэрэгжилтийн дагуу  10-р ангийн эрэгтэй сурагчид, асран хамгаалагч аавуудад зориулсан “Ойлгоё-Хайрлая” үйл ажиллагааг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.

 

Тус үйл ажиллагааны хүрээнд нөлөөллийн сургалт, илтгэл, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, чих хамар хоолой, нүд, дотор зэрэг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, генетик оношилгоо, сэтгэлзүйн зөвлөгөө, Замын цагдаагийн газрын сэрэмжлүүлэг мэдээлэл, нээлттэй ажлын байрны бүртгэл зэрэг олон талт ажлуудыг зохион явуулсан юм.  

Энэ үйл ажиллагаанд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын зургаан сургуулийн 10 дугаар ангийн 220 эрэгтэй сурагчид аавтайгаа оролцож байгаагаараа онцлогтой. Оролцож байгаа сурагчид, аавуудад лектор Т.Буяндэлгэр “Гэр бүлийн үнэ цэн”  сэдвээр лекц уншсан бол лектор Д.Хүрэлбаатар "Хайрын таван хэл", "Та бусдад юу түгээдэг вэ?" сэдвээр хувь хүний хөгжлийн лекцийг уншлаа. Хөвгүүд аавдаа сэтгэлийн захидал бичиж харин аав нь хөвгүүддээ мөн захидал бичиж солилцжээ. Тухайн  үйл ажиллагаанд хамрагдсан зарим аавыг ажлын байранд зуучилж, хүүхдүүдэд “Мэргэжлийн хэв шинж тодорхойлох генетик оношилгоо”-г үнэ төлбөргүй оношлуулах эрхийн бичгийг өгчээ.  Мөн хүүхдүүдийн дунд 12 азтан шалгаруулж боловсрол, эрүүл мэндийг нь дэмжин шүдний эмчилгээ, фитнес клубт хичээллэх эрх, үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх, англи хэлний сургалтад хамрагдах зэрэг эрхүүдээр урамшуулан шагнасан юм.

 

Холбоотой мэдээ