ТӨВ: Өвөлжилт хүнд байгаа сумдад аймгийн онцгой комиссын баг ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-30 17:17:44

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт суманд өвөлжилт хүндэрчээ. Эдгээр сумдад цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 80 см хүрчээ. Аймгийн онцгой комиссын баг тус сумдад ажиллах үеэрээ нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумдын удирдлагуудтай уулзан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна.


Аливаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн гамшиг, эрсдэлийн үед техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүрэлцээ нэн чухал гэдгийг онцлоод Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгчээ.


Мөн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу хоршоодод суурилсан мах бэлтгэлийн системийг ажиллуулахаар боллоо. Түүнчлэн хүнд цаг үед малын тоонд бус чанарт анхаарч, өвлийг өнтэй давах, малын хорогдол үүсэхээс урьдчилан сэргийлж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан борлуулах чиглэл өгсөн байна. Энэхүү үйл ажиллагааг аймгаас бодлогоор дэмжиж, нөөцийн мах бэлтгэх ажлыг малчны хоршоо, малчдадаа тулгуурлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал Эрдэнэ сумын Эрдэнэ хүнс махны үйлдвэрт малчдын бэлтгэсэн хонины махыг нөөцлөх, Лүн сумын Тайван өсөх махны үйлдвэртэй гэрээ хийж, ямааны махыг зах зээлийн ханшаас доошгүй үнээр тухайн суманд нь худалдан авалт хийх асуудлыг шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ