Төрийн байгууллагуудын чиг үүргийг зөв, оновчтой тодорхойлон хуваарилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-12-01 16:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн Хөгжлийн агентлаг Монгол Улсын Засгийн газартай хамтран “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж дууслаа. Төслүүдийг үр дүнг хэлэлцэх, төслийн хаалтын үйл ажиллагааны уулзалт өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болов.


“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр"-ийн хүрээнд хоорондоо уялдаа бүхий доорх гурван төсөл хэрэгжүүлсэн юм. Үүнд:

  • Засгийн газрын ХЭГ-тай хамтран Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл;
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл;
  • ХЗХДЯ-тай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төслүүд юм.



Төслүүдийн талаар хэрэгжүүлэгчдийн саналыг сонсов. Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарийн Холбооны улсын хөгжлийн албан ёсны тусламжийн байгууллага нь Монголд ядуурлыг бууруулах, хөгжлийг тэтгэх зорилгоор нийгмийн бүх асуудлын суурь хүчин зүйл болдог сайн засаглалыг дэмжиж, энэ талаар идэвхтэй ажиллаж буйг онцоллоо.





Тэрбээр хэлэхдээ, “Манай Засгийн газар дээр Швейцарийн Хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж, төрийн байгууллагуудын чиг үүргийг яам, агентлаг, орон нутгийн түвшинд хаана нь байхыг зөв оновчтой хуваарилан тодорхойлоход бид суралцаж байна. Тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардал, мөнгө, санхүүжилтийг дагаж өгдөг байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бид ажиллаж байна” гэв.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлд “Хотын засаглалыг сайжруулах” төсөл хэрэгжсэн. Хэрэгжсэн гэхээсээ илүү энэ нь удаан үргэлжлэх үйл явц юм. Төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын чадавхыг  бэхжүүлэх, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажил, үйлчилгээний жагсаалтыг иргэдээс гар утасны апплакейшнээр санал авч шийдвэр гаргахад бэлэн болгох гэсэн гурван үндсэн агуулга бүхий чиглэлээр хэрэгжиж буйг тодотголоо. 



Төслүүдийн үр дүнг тэрбээр, нийслэлд иргэд төрийн үйлчилгээг өмнөх шигээ заавал дээд шатны болон хотын харьяа байгууллагаас очиж авдаг байдал арилж, төвлөрлийг сааруулж, үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулж, анхан шатны нэгж хороод руу чиглүүлсэн. Энд 74 үйлчилгээг цахимаар үзүүлж байна. И-монгол цахим үйлчилгээ манай энэ төслөөс үүдэлтэй юм гэв. 



“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн эхний шатны 2012-2015 оны хүрээнд “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн өргөжүүлснээр бизнес эрхлэгч нар болон иргэдэд үр өгөөжөө өгсөн. Үүний адилаар 2015 оноос хойш хөтөлбөрийн 2-3 дахь үе шатны хүрээнд бий болсон чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цааш өргөжүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байгаагаа Швейцарийн хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри илэрхийллээ.


Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Швейцарь улсын болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, техник туслалцаа үзүүлэх зэргээр хөтөлбөрийн 3 үе шатанд нийт 17 сая швейцарь франкийн дэмжлэгийг үзүүлж, Монголын талын хамтрагч байгууллагууд болон Азийн сангаас тодорхой санхүүжилтийг гаргаж, хамтран ажилласнаар үр дүнд хүрлээ гэдгийг тэрбээр онцоллоо. 



Холбоотой мэдээ