КАТАР-2022: Герман, Бельгийн шигшээ баг гэртээ харилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-02 10:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” ДАШТ-ий хэсгийн 3 дугаар тойргийн ээлжит тоглолтоос хасагдах шатанд өрсөлдөх 4 баг тодорлоо.


“Катар-2022” ДАШТ-ий F хэсгийн Морокко-Канадын тоглолт “Al-Thumama Stadium”  цэнгэлдэхэд /12.01/ Улаанбаатарын цагаар 23.00 цагаас явагдаж Мороккогийн шигшээ Канадын шигшээг 2:1-ээр хожлоо. Тэд ийнхүү нэг ч  хожигдолгүй хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа.


Энэ тоглолтод Мороккогоос Хаким Зиеч /Ziyech, Hakim/ 4 дэх минутад, Эль Несири Иоссеф /En-Nesyri Youssef/ 23 дахь минутад өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулсан. Харин Канадын ганц гоолыг тоглолтын 40 дэх минутад Н.Агуэрд /Aguerd, Nayef / оруулсан юм.


Ийнхүү Мороккогийн шигшээ баг Бельги, Хорватын шигшээг ардаа оруулж энэ хэсгийг тэргүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлж чадлаа. Тус тоглолтын шилдгээр Ашраф Хакими тодорчээ.


ДАШТ-ий F хэсгийн Хорват - Бельгийн шигшээ багуудын халз тулаан “Ahmed bin Ali Stadium” цэнгэлдэхэд /12.01/ 23.00 цагаас болж 0:0-ээр тэнцлээ.


Хорват-Бельгийн хөлбөмбөгийн алтан үеийнхэн хэмээгддэг шигшээ багуудын бөмбөг эзэмшилт 50:50 гэсэн хувьтай байсан гэхээр аргаүй л эн тэнцүү тоглолт болсныг харуулж байна. Бельгийн шигшээ баг энэ тоглолтод өрсөлдөгчөө заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах байсан тоглолт 0:0-ээр өндөрлөж, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт бельгичүүд гэртээ харилаа.


Бельгийн шигшээ багийн гол тоглогч Эден Азар, Ромелу Лукаку нарын тун таруухан бэлтгэл формтой байсан хожигдох гол шалтаан болов.


Тоглолтын дараа Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинез “ДАШТ-ий тоглолтод бид бэлэн байж, гоолын боломж үүсгэсэн. Харамсах зүйл алга. Бид хасагдлаа гэхдээ толгой гудайх хэрэггүй. Юри Тилеманс зэрэг залуу тамирчид гарч ирж байна. Манай алтан үеийнхэн дараагийн шинэ үеэ гаргаж ирж байна. Талбай дээр тэдний үлдээсэн өвийг бид ярих ёстой” гэлээ. Тус тоглолтын шилдгээр Лука Модрич тодорсон.


ДАШТ-ий Е хэсгийн Япон - Испанийн шигшээ багуудын халз тулаан Khalifa International Stadium” цэнгэлдэхэд /12.02/ 03.00 цагаас болж, Японы шигшээ баг 2:1-ээр Испанийн хүчирхэг шигшээг буулгаж авч хэсгээ тэргүүллээ.


Тоглолтын эхний гоолыг Испанийн Алвара Мората 10 дахь минутад оруулсан ч 2 дугаар үеийн 48 дахь минутад Японы шигшээгээс Рицү Доан гоол оруулан тэнцүүлсэн бол энэ гоолоос 3-хан минутын дараа Танака гоол оруулсан юм.


Япон Е хэсгийн 2 хүчирхэг баг Испани, Германыг хожсон ч Коста Рикагийн шигшээ багт хожигдсон билээ. Энэ тоглолтод Испанийн шигшээ багийн бөмбөг эзэмшилт 82 хувьтай байсан ч ялагдал хүлээсэн юм.


Ийнхүү Япон үхлийн хэсгийн тэргүүн багаар тодорч, дараагийн шатанд шалгарч чадлаа. Тус тоглолтын шилдгээр Ао Такама тодорлоо.


ДАШТ-ий Е хэсгийн Герман – Коста Рикагийн шигшээ багуудын халз тулаан “Al Bayt Stadium” цэнгэлдэхэд /12.02/ шөнийн 03.00 цагаас болж, Германы шигшээ баг 4:2-оор Коста Рикаг буулгаж авсан ч гэртээ харихаар болов.


Энэ хэсгийн Японы шигшээ баг Испанийг хожсоноор Германд ямар ч шанс үлдээгүй юм. Герман энэ тоглолтод Япон, Испанийг гүйцэхээс нэгэнт өнгөрч 2014 оны дэлхийн аварга энэ баг ийнхүү 2018, 2022 оны ДАШТ-ий хэсгийн шатнаас шалгарч чадалгүй нутаг буцлаа.


Энэхүү тоглолтод Германаас С.Гнабри /10 дахь минут/, К.Хавертц /73, 85 дахь минут/, Н.Фуллкруг /89 дэх минут/ нар гоол оруулсан бол Коста Рикагаас Т.Елцин /58 дах минут/, Neuer Manuel /70 дахь минут/ нар гоол оруулсан юм. Энэ тоглолтын шилдгээр Кай Хавертц тодорлоо.


Ийнхүү "Катар-2022" ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан дараагийн 4 баг тодорч, дараах байдлаар оноолт таарсан байна.


Нидерланд - АНУ, Англи - Сенегал, Аргентин - Австрали, Франц - Польш, Морокко - Испани, Япон - Хорват тус тус халз тулна.




Холбоотой мэдээ