Л.Оюун-Эрдэнэ: Эрдэмтдийн уураг тархи завгүй байвал Монгол Улсын бүтээмж өндөрсөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-02 11:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ сэргэлтийн бодлогод шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Тус хэлэлцүүлгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Эрдэмтдийн уураг тархи завгүй байж, Монгол Улсын бүтээмж өндөрсөнө” хэмээн тэмдэглэсэн юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод хандаж хэлэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт 1,5 жилийн настай байсан нь улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдлыг бодитоор дүгнэн хэлэлцэх, өөрөөр хэлбэл асуудлыг урт хугацаанд харах, нэгтгэн дүгнэх, төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг олгодоггүй байсан. Энэ нь улсын төсөв аль ч салбарыг гомдоохгүй, мөн бүх салбарыг хөгжөөхгүй байдлаар явж ирсэн гэсэн үг. Иймд Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тогтож, боомт, эрчим хүч, аж үйлдвэрлэл, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил болон төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан чиглэлд улс орныг хөгжүүлэх зорилт, хөтөлбөр дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ 2021-2030, 2030-2040, 2040-2050 он гэсэн үечлэлийг барьж ажиллах ба 2030 оноос бид шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиглэл рүү шилжинэ. Энэ үед та бүгдийн үүрэг оролцоо улам өндөрсөх болно хэмээсэн онцолсон юм.


Одоогийн байдлаар манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн байдалтай буй. Үүнд, нүүрс, зэсийн хүдэр, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 90 гаруй хувийг эзэлж байгаа ба цар тахал, ОХУ Украйны дайн зэрэг нь улс орны эдийн засагт нөлөөлж буй болохыг хэллээ.


Ерөнхий сайд цааш хэлэхдээ "Шинэ сэргэлтийн бодлогод эрдэмтэн судлаачдын оролцоо тун өндөр ба тухайлбал, өнөөдрийн эрчим хүчний салбарын бодит байдал бол туйлын хүндэрсэн. Дулааны ЦС-ын насжилт 35-60 жил, цахилгааны түгээх сүлжээний насжилт 32-62 жил, 40 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Өнөөдөр бид 4 дүгээр ЦС-аас хойш шинэ цахилгаан станц барьж чадсангүй. Ер нь Улаанбаатар хотын төвлөрөл бол дэд бүтцээ дагасан төвлөрөл гэж үзэж болно. Тиймээс бид Дархан-Уул, Багануур, бүс нутгуудад дагуул хотыг бий болгох, гэр хороолол руу хэсэгчилсэн дэд бүтэц тавих шаардлагатай. Цаашид Амгалангийн ДС, гуравдугаар ЦС-ыг өргөтгөх, Чойбалсангийн станц, Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Таван толгойн ЦС зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй нөхцөл байдалд хүрсэн.


Гэтэл бид шинээр барих цахилгаан станцууддаа нүүрсийг хэрэглэх бол бидэнд гадныхан санхүүжилт олгохгүй. Энэ тохиолдолд шинжлэх ухаан технологи, инновац шингэсэн ямар хосолмол загварыг ашиглах вэ, ямар компани групптэй хамтрах гэдэг дээр эрдэмтэн судлаачидтайгаа хамтран ажиллах шаардлага үүснэ" гэсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн 6 салбарын өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт хэрэгжих ажлуудын тухайд нэгбүрчлэн танилцуулсаны эцэст Монголын төр эрдэмтэн судлаачидтайгаа хамтран ажиллахад бэлэн. Бид хамтдаа оюун санааны давхацлыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс хүндрэлтэй цаг үед оршин байгаа хэдий ч аливаа хүндрэлийн ард шинэ сэргэлт байдаг хэмээлээ.


Төрийн ордонд болж буй тус үндэсний хэлэлцүүлэг боомт, эрчим хүч, аж үйлдвэрлэл, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил болон төрийн бүтээмжийн сэргэлтэд шинжлэх ухааны салбарынхны оролцоо ямар түвшинд байх тухайд салбар тус бүрийн илтгэлээр үргэлжилсэн юм.

Холбоотой мэдээ