О.Батсайхан:30 мянга гаруй хүнийг цаазалсан ч хэлмэгдсэн хүний тоо 100 мянга давсан байх

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-02 16:01:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коммунист дэглэмийн үед Монгол Улсын 35 хүнийг цаазалсан мэдээ байдаг ч хэлмэгдсэн хүний тоо 100 мянга давсан байх гэж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан онцоллоо.


Хэлмэгдэгсэд нь тухайн үеийн үндэсний сэхээтэн, лам, эрдэм номтой хүмүүс байсныг тэрбээр “Хүний эрх ба хэлмэгдүүлэлт” хэлэлцүүлгийн үеэр тавьсан “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх зөрчигдсөн талаар өгүүлэх нь” илтгэлдээ дурдав.


Монгол Улс 1929 онд 721 мянган хүн амтай байсан. Монголын 25 мянган хүнийг улс төрийн хилс хэргийн улмаас 1937-1940 онд цаазалсны 17 мянга нь лам байсан. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь 1921-1924 онд Монгол Улсын Ерөнхий сайд Догсомын Бодоо, Бүх цэргийн жанжин Солийн Данзанг цаазалснаар эхэлж, 1929 онд ноёдын хөрөнгийг хураан, 1937-1941 онд Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Анандын Амар нарыг хороосноор үргэлжилсэн. Ерөнхий сайд А.Амар тухайн үед “Би Монголын ард түмэнд хайртай, Оросын ард түмэнд элэгтэй, харин улаантан, тэдний засагт дургүй” хэмээгээд эх орныхоо эсрэг гэмт хэрэг хийгээгүй" гэж мэдэгдсэн байдаг. 1937 оны 9 дүгээр сарын 10-нд 100 гаруй хүний нэрийг жагсаан, нэгэн зэрэг баривчлан хэлмэгдүүлсэн өдрийг Хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байна. Тухайн үед Онцгой бүрэн эрхт комисс байгуулан 6 сарын хугацаанд 25824 хүний хэргийг шүүн, 20474-д нь буудан хороох ял өгч, 5103 хүнд 10 жил, 240 хүнд 10-аас дээш жил хорих ял оноосон баримт бий. ЗХУ-ын коммунист намын 1956 оны хурлын дараа  294 хүний хэргийг цагаатгасан тухай тоо баримтыг хэлэлцүүлгийн үеэр дэлгэсэн юм.



О.Батсайхан цааш нь ярихдаа, “1921-1990 онд 30 гаруй мянган хүнийг хэлмэгдүүлэн цаазалж, 1000 гаруй сүм хийдийг нураан, үндэсний соёлыг сүйдэлж, бидний уламжлал, түүх, шашны үнэт эд өлгийг устгасан. Энэ хэлмэгдүүлэлтийг Монгол үндэстэнг төрлөөр нь устгах гэмт хэрэгт авч үзэх хэрэгтэй. Мөн аливаа улс төрийн намууд энэ сэдвээр тоглолт хийхгүй байх, монголчуудыг талцуулан хуваахыг хориглох тухай хууль гаргах хэрэгтэй”-г хэлж байлаа.


ХЭҮК-ийн гишүүн, Б.Энхболд, “Манай улсад эрүүдэн шүүх замаар хилсээр хэрэг хүлээлгэх нь одоо ч бүрэн тасраагүй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлаалыг боловсруулан хуульчлах, эрүү шүүлт тулгах, хилсээр хэрэг хүлээлгэхтэй холбоотой мэдээлэлд ХЭҮК хяналт шалгалтыг зэрэгцэн хийх зохицуулалтыг тусгах, шүүх эрх мэдэл, мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, хандлагыг сайжруулах шаардлага тулгарч байгаа”-г ярив.

ХЭҮК нь Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай 21 илтгэлийг УИХ-д өргөн барьж, 413 санал дэвшүүлжээ. Эдгээр илтгэлийн 13-т нь эрүүдэн шүүхийн эсрэг байх эрхийн тухай хөндсөн байдаг аж.


Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гадаад улсын ижил төстэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг төрийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр БНСУ-ын “Үнэн ба эвлэрлийн хороо”-ны  Байнгын хорооны гишүүн Ли Жэ Сунээр ахлуулсан төлөөлөгчдийг урьж тус улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаварыг хэрхэн арилгаж, соён гэгээрүүлэх нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага солилцох үйл ажиллагааг энэ сарын 1-4-нд зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх ба хэлмэгдүүлэлт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.


БНСУ-ын Үнэн ба эвлэрлийн хороог Японы эсрэг хөдөлгөөн, Солонгосын дайны үеийн олон нийтийг хамарсан харгислал, Солонгосын авторитар дэглэмийн үед гарсан хүний эрхийн зөрчил, дайсагнагч хүчний аллага үйлдсэнийг мөрдөн шалгахаар 2005 онд байгуулжээ. Түүнчлэн Солонгосын дайны өмнө болон дараа энгийн иргэдийг үй олноор нь хөнөөсөн хэргийг илрүүлэн, нөхөн олговор олгох, дурсгалыг нь мөнхжүүлэх чиглэлээр ажилладаг байна.


Дээрх хэлэлцүүлгийн үеэр “Үнэн ба эвлэрлийн хороо”-ны тэргүүлэх гишүүн, Гонгүгийн их сургуулийн Хууль эрхзүйн тэнхимийн профессор Ли Жэ Сун “Эвлэрэл, энх тайвныг тогтоохын төлөөх Солонгосын хүчин чармайлт”-ын талаар танилцуулав. БНСУ-ын 20-р зууны түүхийг товч тайлбарлахдаа, “Феодал, колончлол, дарангуйлагч засаглал, Солонгосын хуваагдал, дайн, коммунист тогтолцооны сорилт бэрхшээл байсан ч БНСУ эдүгээ тогтвортой, чинээлэг орон болж хөгжсөнийг тэрбээр тэмдэглээд, 2 Солонгосын цэргийн мөргөлдөөн, аюул занал үргэлжилсээр байгааг Ази болон олон улсын хамтын нийгэмлэг хамтран шийдэх шаардлагатай” хэмээсэн юм.  

Аливаа зөрчилдөөнийг шийдэх, эвлэрүүлэх, ирээдүйд чиглэсэн нэгдсэн нийгмийг төлөвшүүлэхэд бүтээлч, бие даасан бүлэг бий болох нь чухлыг Ли Жэ Сун онцоллоо. 



Японы колоничлол, Солонгосын дайны үед, Хойд Солонгосын ардын арми энгийн иргэдийг олноор нь золиослон, дарангуйллын үед эрүүдэн шүүх, албадан хорих зэрэг хүний ​​эрхийг зөрчих, хохирсон хүмүүсийн нэр төрийг сэргээж, хохирол барагдуулах асуудал байдаг аж. Эдгээрийг шийдэхэд Солонгосын Үндэсний Ассамблей өнгөрсөн 30 жилд түүхийн талаар 15 гаруй тусгай хууль баталж, олон төрлийн мөрдөн шалгах комисс байгуулан, “Үнэн ба эвлэрлийн хороо” байгуулснаар 2005-2010 онд өнгөрсөн түүхийн 11,175 хэргийг хянан шийджээ. Одоо ч үндэсний хэмжээнд уучлалт гуйх, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, шарил ухах, шүүх хурал дахин хийх, нөхөн төлбөр олгох, бүртгэлийг хадгалах зэрэг ажил хийж байна. Солонгосын Засгийн газар төрийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн ар гэрийнхэнд 100 сая вон буюу 75 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ.


Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 1921-1990 онд Монголд өрнөсөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Монгол Улс 2021 оны 12 дугаар сарын байдлаар нийт 31460 иргэний хэргийг цагаатган, 1998 оноос хойш 16 тэрбум 589 сая төгрөгийн нөхөх олговор олгоод байна.


Хүний эрхийг хамгаалах, зөрчил гарахаас сэргийлэх нь нийгмийн чухал сэдэв ч бүрэн утгаараа биеллээ олохгүй байгаа нь харамсалтайг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа тэмдэглээд, хүний эрхийг илүү зүй зохистой хамгаалахад цаг алдалгүй, хүчин чармайлт гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. 

Холбоотой мэдээ