ЧУУЛГАН: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-02 16:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ.


Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нар эрэмблэгдсэн юм.


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй, ам бүл 4. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1998-2003 онд Чингис хааны нэрэмжит "Их Засаг" их сургууль, эрх зүйч, бакалавр,  2011-2014 онд "Их засаг" Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, 2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж буй аж. Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажилласан бөгөөд Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад М.Пүрэвсүрэн нь нийт 81.41 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр нэр дэвшигчээс нэгдүгээрт эрэмбэлэгджээ.


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд "Их Засаг" хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр,  2000-2001 онд "Их Засаг" их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд "Их Засаг" хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд "Халх журам" хууль зүйн дээд сургуульд багш,  2008-2014 онд "Түшээ" дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж буй аж. Нэр дэвшигч Б.Ганболд нь шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад нийт 72.06 оноо авч, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй, ам бүл 4. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль бүрэн дунд боловсрол, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр,  2011-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах 2 дугаар шүүхийн шүүгч, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан. Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 7 жил ажиллаж байгаа юм байна.



Холбоотой мэдээ