БАЯН-ӨЛГИЙ: Сагсай, Алтай, Булган, Баяннуур суманд зуд болох эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-05 10:47:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргасан.


Энэ сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай, Булган, Баяннуур суманд зуд болох нэн их эрсдэлтэй байна. Харин Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Дэлүүн, Толбо, Улаанхус сумыг их эрсдэлтэй хэмээн дүгнэжээ.


Цасан бүрхүүлийн мэдээгээр Цэнгэл сумын  Бор бургас, Могойт, Сагсай сумын Цагаан асгат, Хар чулуут багийн нутаг дэвсгэрийн цасны дундаж зузаан 2-5 см, хунгарын зузаан 10-20 см, Дэлүүн сумын Тал нуур, Хар уул, Бор цоохор, Чихэртэй, Төгрөг, Бага хуурай, Ногооннуур сумын Цагааннуур, Асгант, Бахлаг, Сагсай сумын Бөхөн ямаат, Толбо сумын Хош, Толбо нуур, Хонгор өлөн, Дөрөө нуур, Хөх толгой, Бураат багуудын нутгаар  цасны зузаан 0-2 см, Булган сумын бүх нутгаар цасны дундаж зузаан 15-20 см, хунгарын зузаан 40-65 см, Алтай сумын бүх нутгаар цасны дундаж зузаан 5-8см, хунгарын зузаан 25-35 см, Ногооннуур, Дэлүүн сумын зарим нутаг, мөн Баяннуур, Улаанхус, Өлгий сумын нутгаар цасгүй байгаа.


Энэ жил Баян-Өлгий аймгийн нутгаар гандуу байсантай холбоотой бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ