ТӨВ: "Монгол бичгийн цахим бичвэр-2022" уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-07 15:48:23

Төв /МОНЦАМЭ/ "Монгол бичгийн цахим бичвэр-2022” уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа хэлтэсийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд зохион байгууллаа.


Тус уралдаан нь монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготой. 


Уралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 2-ноос 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэх хугацааг тогтоож, 12 дугаар сарын 5-ны өдөр мэргэжлийн, цахимаар болон мэргэжлийн бус, танхимаар гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулжээ.

Мэргэжлийн шалгуурт нь Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар хамрагдаж, кириллээр өгөгдсөн эхийг монгол бичгээр зөв бичих дүрэм, тэмдэгтийн алдаагүй бичсэн байна. Мэргэжлийн бус шалгуурт нь байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан нар хамрагдаж, монгол бичгээр өгөгдсөн эхийг зөв бичих дүрэм, тэмдэгтийн алдаагүй бичсэн байна. Уралдааны тэргүүн байрт Төрийн архивын тасгийн ажилтан Б.Энхтамир, дэд байрт БШУГ-ын ажилтан Г.Алтанцэцэг, гутгаар байрт Орон нутгийн өмчийн газрын ажилтан М.Болормаа нар тус тус шалгарчээ.

Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Төрийн архивын тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар, Албан бус насан туршийн боловсролын төв хамтран “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025”, “Албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье” аян, “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд уг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Энэхүү уралдаан нь төрийн албан хаагч болон иргэдэд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглээ болгох түвшинд ахиц гарах ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн тус уралдааны оролцогчид энэхүү нэг сарын хугацаанд үүнд бэлтгэж байх үедээ монгол бичгийн дүрмийн мэдлэгээ дээшлүүлж, ахицтай байсан талаар хэлж байв. 

Холбоотой мэдээ