Б.Жавхлан: Монгол Улс хөрөнгийн зах зээлд санхүүгийн төлбөрийн хариуцлагаа нэр төртэй биелүүлж байгаагаа харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-06 16:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Засгийн газрын гаргасан Чингис бондын эцсийн төлбөр 136 сая ам.долларыг төлөх эрхийг Сангийн сайдад олгосноор, манай улс олон улсын санхүүгийн зах зээлийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг хугацаанд нь буюу 12 дугаар сарын 5-нд бүрэн барагдууллаа.


“Энэ нь Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан бондуудаа цаг хугацаанд нь хүү болон үндсэн зээлийн хамт төлж, үе үеийн Засгийн газар үүргээ биелүүлж ирсний жишээ” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Тус яам цаашид УИХ-аас гаргасан дунд хугацааны өрийн стратегийн түвшинд олон улсын хөрөнгийн зах зээлд богино хугацаатай, их хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэж үүрэг өгсний дагуу 2024 он дуустал ажиллах юм.


Манай улс 1990 оноос хойш анх удаа 2012 оны 12 дугаар сарын 5-нд олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар гэсэн кодтой бондыг арилжаалж эхэлсэн байдаг. Зөвхөн Чингис бондод гэхэд 2012 оноос хойш 540 сая ам.долларын хүү, 264 сая ам.долларын үндсэн өр төлжээ.


“Бид ямар ч тохиолдолд, ямар ч хүнд нөхцөлд, зээлийн ашиглалтын чанараас үл хамааран төлбөрөө бүрэн төлөх үүргээ биелүүлж томоохон гадаад өр төлбөрийг цаг хугацаанд нь хийж байгаа. Тухайлбал, яг жилийн өмнө Century бонд төсөл хэрэгжүүлснээр 600 сая ам.долларыг 5.1 хувийн хүүтэй байсан Чингис бондын хэсгийг 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай болгож төсвийн дарамтыг хойш нь жигдэлж өгсөн. Хэрэв өнгөрсөн жил бонд гаргаагүй бол энэ жил валютын нөөцдөө 1 тэрбум ам.долларын дарамт учруулах байсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2013-2014 онд ашиглаж эхэлсэн. Чингис бондын 13 хувийг банкаар дамжуулж зээл гаргасан, 26 хувийг нь Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн төсөл хөтөлбөрт, 63 хувь нь төсвийг санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл бондын 70 хувийг татвар төлөгчдийн хөрөнгөөр эргэж төлөх хариуцлага байв. Тухайн үед энэ бонд валютын нөөцөд нэмэртэй ч дотоодод санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь бэлэн бус байсан. Цаашид ийм алдаа гаргаж болохгүй”-г Сангийн сайд хэлсэн юм.


Одоогоор Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 810 тэрбум төгрөгийг төлүүлээд байна. Он дуустал 1 их наяд төгрөгийн зээлийн өрийг барагдуулахаар хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа. Хөгжлийн банк цуглуулсан эх үүсвэрээрээ 2023 оны 9 дүгээр сарын 25-нд төлөх Евро бондын 500 сая ам.доллар, мөн оны 12 дугаар сарын 20-нд төлөх Самуурай бондын 30 тэрбум иенийн өр төлнө. Самуурай бондын 30 тэрбум иенийг жилийн өмнө буюу зээл төлүүлсэн эх үүсвэрээс цуглуулчихаад байгаа аж. Тус банкны Монголбанк дахь Төрийн сангийн дансны хуулгад өнөөдрийн ханшаар 30 тэрбум иен буюу 763 тэрбум 300 сая төгрөгийг төлөхөд бэлэн болжээ.


Энэ нь гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн төлбөрийн хариуцлагаа нэр төртэй биелүүлж байгааг харуулах мэдэгдэл гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ онцлоод, “Монгол Улсын Засгийн газар 2024 онд 1.2 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Эдгээр эргэн төлөлтийг 2023 оны төсөв, өрийн удирдлагын дунд хугацааны стратегидаа тусгаад явж байгаа. Засгийн газрын зээлжих зэрэглэлийн хувьд манайтай ижил түвшний улсуудын 70-80 хувь нь зэрэглэл нь муудсан аж. Монгол Улсын хувьд аудитын 3 байгууллагаас авсан үнэлгээ нь өмнөх түвшиндөө хадгалагдаж чадсан нь биднийг үнэлж буй тогтвортой үнэлгээ” гэдгийг тэмдэглэлээ. 

Холбоотой мэдээ