ХӨВСГӨЛ: Сод-Эрдэм сургууль “Цэргийн эрдмийн танхим”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-07 10:39:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Эх орны ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудад эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх, сурагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуульд “Цэргийн эрдмийн танхим”-ыг Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас тохижуулан хүлээлгэн өглөө.


Тус сургууль Цэргийн эрдмийн танхимтай болсноор хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил олгох, эх орноо хамгаалахад оролцох, цэргийн боловсрол, бэлтгэл эзэмшүүлэх боломжийг нэмэгдүүлэх, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтойг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг онцолж байлаа.


Энэ үеэр “Сод эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан  уулзалт хийв.


Тэрбээр “Эх орныхоо эзэн байх нь та бидний үүрэг учраас цэргийн эрдмийг судлан, тэсвэр хатуужилтай эх оронч болж хэзээд эх орноо хамгаалахад бэлэн байх ёстойг энэхүү танхимын агуулгад шингээсэн байгаа. Цаашид сурагчид цэргийн эрдмийн талаар судалж, төрийн дууллаас эхлээд, цэргийн тангараг, баатарлаг дайчдын тухай илүү дэлгэрэнгүй судалж танин мэдэх хэрэгтэй”-г онцоллоо.

 

Холбоотой мэдээ