ХОВД: Мал тооллогод 12600 өрхийг хамруулах урьдчилсан тооцоолол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-08 10:51:31

Ховд /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын 2022 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхэлсэн. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа.

Мал тооллого хийснээр мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг аж.

Өнгөрсөн жил Ховд аймгийн 8541 малчин өрх, 3956 мал бүхий өрх гээд нийт 12498 өрх тооллогод хамрагдаж байсан. Харин энэ жил 8600 орчим малчин өрх, 4000 орчим мал бүхий өрх гээд нийт 12600 өрх тооллогод хамрагдах урьдчилсан төлөвтэй байна.  


Одоогоор
Ховд аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого зохион байгуулах, хяналт тавих 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон ажиллаж байна. Мөн сум, багууд шат шатандаа ажлын баг гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ховд аймагт 17 сум, 91 багийн хэмжээнд нийт 376 төрийн албан хаагч  энэ чиглэлээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ