КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-12-08 16:35:37

ДОХА. /Euro Sport/. “Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хэн хүртэх вэ? Катарт ердөө найман орны шигшээ баг тунан үлдээд байгаа энэ үед хэд хэдэн тоглогч энэхүү шагналын төлөө өрсөлдөж байна.


“Алтан шаахай”-н төлөөх өрсөлдөөнийг Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе дөрвөн тоглолтод таван гоол оруулсан амжилтаар тэргүүлж байна. Польшийн багийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулсан түүнийг бямба гарагт англичуудтай хийх тоглолтод дахин гоол оруулна гэж найдаж байна.


Түүний араас есөн тоглогч гурван гоол оруулсан амжилттайгаар жагсаж байгааг дурдвал, Аргентины шигшээ багийн Лионель Месси, Бразилын багийн Ришарлисон, Португалын багийн Гонсало Рамос, Францын багийн Оливье Жиру, Английн багийн Букайо Сака, Маркус Рэшфорд, Нидерландын багийн Коди Гакпо нар юм.


Мөн Хорватын багийн Андрей Крамарич, Португалын багийн Бруно Фернандес, Аргентины багийн Хулиан Альварес тэргүүтэй тоглогчид хоёр гоол оруулсан амжилтаар удаалж байна.


“Алтан шаахай” шагналын эзнийг хэрхэн тодруулдаг вэ?

“Алтан шаахай”-г ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогчид гардуулдаг.


Хэрэв хоёр тоглогч гоолынхоо тоогоор тэнцвэл торгуулийн цохилтоос цөөн гоол оруулсан тоглогчид олгох бөгөөд цаашлаад оновчтой дамжуулалтын тоог нь харгалзан үздэг. Эдгээрийг харгалзсаны дараа ч тоглогчид тэнцсэн хэвээр байвал тоглолтод оролцсон хугацаагаар нь шалгаруулна.


Лионель Месси, Криштиану Роналду нар “Алтан шаахай” хүртэх үү?

Лионель Месси, Криштиану Роналду нарын хэн хэн нь сүүлийн ДАШТ-дээ өрсөлдөж байгаа бөгөөд хэн нь ч “Алтан шаахай”-н эзнээр тодорч байгаагүй.


К.Роналду “Катар-2022” тэмцээний Португалын эхний тоглолтод гоол оруулснаар таван ДАШТ дараалан гоол оруулсан анхны тоглогч болсон юм. Гэхдээ түүнээс хойш гоол оруулаагүй бөгөөд Швейцарын эсрэг тоглолтын үед дасгалжуулагч нь түүнийг талбайд гаргалгүй сэлгээнд суулгажээ.


Португал шөвгийн 8-ын тоглолтод Мароккотой учраа таараад байна.


Л.Мессигийн хувьд ДАШТ-д одоогор гурван гоол оруулаад байгаа бөгөөд Нидерландын багийн эсрэг тоглолтод гол тоглогчийн үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд К.Роналдугийн хувьд нийт найман гоол, Л.Месси есөн гоол тус тус оруулжээ.


“Алтан шаахай” шагналын эзэд

  • 1930: Гильермо Стабиле (Уругвай, 8 гоол)
  • 1934: Олдрих Неедлы (Чех, 5 гоол)
  • 1938: Леонидас (Бразил, 7 гоол)
  • 1950: Адемир (Бразил, 8 гоол)
  • 1954: Сандор Кочиш (Унгар, 11 гоол)
  • 1958: Жюст Фонтен (Франц, 13 гоол)
  • 1962: Флориан Альберт, Валентин Иванов, Гарринча, Вава, Дразан Еркович, Леонель Санчес (Унгар, Орос, Бразил, Бразил, Югослав, Чили, бүгд 4 гоол)
  • 1966: Эусебио (Португал, 9 гоол)
  • 1970: Герд Мюллер (Герман, 10 гоол)
  • 1974: Гжегож Лато (Польш, 7 гоол)
  • 1978: Марио Кемпес (Аргентин, 6 гоол)
  • 1982: Паоло Росси (Итали, 6 гоол)
  • 1986: Гэри Линекер (Англи, 6 гоол)
  • 1990: Сальваторе Скиллачи (Итали, 6 гоол)
  • 1994: Олег Саленко, Христо Стоичков (Орос, Болгар, 6 гоол)
  • 1998: Давор Шукер (Хорват, 6 гоол)
  • 2002: Роналду (Бразил, 8 гоол)
  • 2006: Мирослав Клозе (Герман, 5 гоол)
  • 2010: Томас Мюллер (Герман, 5 гоол)
  • 2014: Хамес Родригес (Колумби, 6 гоол)
  • 2018: Харри Кейн (Англи, 6 гоол)


“Алтан бөмбөг” шагналын тухайд

“Алтан бөмбөг” шагналыг ДАШТ-ий хамгийн шилдэг тоглогчид гардуулдаг. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос тоглогчдын жагсаалтыг гаргаж, ялагчийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулан тодруулдаг.


Энэхүү шагналыг хамгийн сүүлд Хорватын шигшээ багийн тамирчин Лука Модрич /2018/, Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Месси /2014/, Уругвайн шигшээ багийн тамирчин Диего Форлан /2010/ нар хүртсэн юм.


ДАШТ-д хэн хамгийн олон гоол оруулж байв?

Францын шигшээ багийн тамирчин Жюст Фонтен 1958 оны ДАШТ-ий үеэр 13 гоол оруулсан түүхтэй. Энэхүү тэмцээнд Франц шувтаргын тоглолтод шалгарч чадалгүй гуравдугаар байр эзэлсэн ч Ж.Фонтены хувьд 1954 оны ДАШТ-ээр тогтоосон Сандор Кочишийн /11 гоол/ амжилтыг эвджээ. 

Холбоотой мэдээ