Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-09 11:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцын мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлынн үеэр танилцууллаа.


Тэрбээр, “Энэ сарын 8-ны өдрийн байдлаар, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна. Үүний 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд, 50.1 хувь нь нийслэлийн, 49.9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна.

Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 69 хувь нь 17 хүртэлх насныхан байгаа бол 18-аас дээш насныхан 31 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан 699 мянган иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой. Үзлэгийн дүн гарсан хүн амаас өвчлөлийн 390 925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 57.1 хувь нь эмэгтэй, 42.9 хувь нь эрэгтэй байна гэсэн дүн гарсан. Сэжигтэй тохиолдлоос 64.9 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл,  тэжээл ба бодисын солилцооны, 6 хувь шээс бэлгийн тогтолцооны, 5.8 нь зүрх судасны,  4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн. Эдгээр таван өвчлөл нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.


Эрт илрүүлгээр нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулан, эмчилгээ эхэлсэн. Хортой болон хоргүй хавдрын нийт 2700 сэжигтэй тохиолдол бүртгэв. Тэдний 7.8 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна” гэв.


ЭМЯ-наас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн шинжилгээний дүн мэдээнд суурилан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авч ажиллах аж.

Холбоотой мэдээ