ХОВД: "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-12 15:19:52

Ховд /МОНЦАМЭ/.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын баг  баруун бүсийн  Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тодруулбал,  ажлын багийнхан энэ сарын 7-9-ний өдөр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" барих төслийн явц, тус төслийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих байршилтай газар дээр нь очиж танилцав.

Энэхүү төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнан хэрэгжиж буй. Одоогийн байдлаар боомт, ус дамжуулах туннель, станцын барилгын орчимд 22 цооногийн өрөмдлөг хийсэн бөгөөд төслийн талбарт ашиглалтын зам тавих ажил өрнөж байна.  Цаашид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад ажиллах боловсон хүчинг бэлтгэх, айл өрх, иргэдийг шинэ суурьшлын бүсэд байршуулах, нөхөн олговор олгох, барилга угсралтын ажил болон бусад холбогдох судалгааны ажлыг шат дараатай үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн, Мянгад сумын иргэдтэй уулзалт хийсэн юм.

Уузалтын үеэр баруун бүсийн цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" барих төслийг урагшлуулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана гэж албаныхан хэллээ.

Орон нутгийн иргэд ихэвчлэн төслийн нөлөөлөлд өртөх айл өрхөд нөхөн олговор олгох тухай, тэдний хэвийн амьдрах нөхцөлийг хангахтай холбоотой асуудлыг хөндөж,  байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, зам харгуй барих, газар тариалангийн услалтын системийг сайжруулахтай холбогдсон саналуудыг хэлж байв. 

 

Холбоотой мэдээ