Moderna ба Merck: Хорт хавдрын эсрэг вакцин бэлэн болох хугацааг наашлуулна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-12-21 18:49:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арьсны хорт хавдрын үхэлд хүргэгч түгээмэл хэлбэрүүдийн нэг болох меланома-гийн эсрэг вакцины II шатны туршилт амжилттай болсон тухай Америкийн эм үйлдвэрлэгч Модерна компани өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Энэ бол сүүлийн нэг сарын хугацаанд анагаах ухаанд дуулиан тарьсан 3 сайн мэдээний нэг юм.


Уг вакциныг Германы Merck компанийн бий болгосон Keytruda гэдэг дархлааны эмчилгээтэй хослуулснаар хавдар сэдрэх, үхэлд хүргэх эрсдэл 44 хувиар /зөвхөн кеитруда эмчилгээг дангаар нь хийлгэсэнтэй харьцуулахад/ буурсан нь гайхамшигтай үзүүлэлт юм. Хавдрын хожуу үе шатанд байгаа 157 өвчтөнд вакцины 9 тунг хийхэд тэдний биемахбодь вакцин хийлгээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад эмчилгээнд илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж байжээ. Гэхдээ Модернагийн энэ удаагийн туршилт бол цөөн тооны өвчтөн дээр хийсэн урьдчилсан туршилт юм. Түүнээс гадна, өвчтөн бүрийн биемахбодид меланомагийн өөр өөр уургууд байгаа тул хувь хүн тус бүрт тохируулан вакциныг хийх шаардлагатай болж байна. Иймээс вакциныг бөөнөөр үйлдвэрлэхэд хүндрэл учирна.


Меланома бол арьсны хорт хавдрын хамгийн аюултай хэлбэр бөгөөд зөвхөн 2020 онд гэхэд 325 мянган хүнд уг өвчин илэрсэн байна. Уг хавдрын эсүүдийг мэс заслын аргаар авсны дараа ч гэсэн тунгалагийн зангилаанууд ба судсаар дамжсаар байдаг тул хавдар дахин үүсэх эрсдэл бий.

Ташрамд дурдахад,  Мерк компанийн гарган авсан кеитруда буюу пембролизумаб гэдэг эмийг хэд хэдэн төрлийн хавдрын эмчилгээнд 2015 оноос хойш хэрэглэж байгаа ажээ. Пембролизумаб гэдэг нь моноклонал эсрэг биет бөгөөд хавдрын эсүүдийг илрүүлэх, тэдгээртэй тэмцэхэд хүний дархлааны системийг чиглүүлдэг байна.


“Бидний сэтгэл үнэхээр догдолж байна, удахгүй туршилтын 3 дахь үе шат эхэлнэ” гэж Модерна компанийн Ерөнхий захирал Стефан Бансель ярьж байна.  3 дахь үе шат бол клиник туршилтын хамгийн өргөн хүрээтэй, хамгийн хариуцлагатай, хамгийн өртөг өндөртэй үе шат бөгөөд амжилттай болсон тохиолдолд засгийн газрын зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл олгосноор эмнэлгүүдэд тухайн вакциныг хэрэглэж эхэлнэ. Тус хоёр компани 2023 он гарангуут 3 дахь шатны туршилт хийж эхлэхээр товложээ. Үүний сацуу вакцин ба эмийн хавсарсан эмчилгээг бусад эрхтэний хорт хавдрын эсрэг туршихаар төлөвлөсөн байна


Модерна компанийн туршиж буй арьсны хорт хавдрын эсрэг вакцин нь мРНХ төрлийн вакцинд хамаардаг. Ийм вакцин нь хавдрын ДНХ дахь мутацийг танихад тухайн өвчтөний дархлааны тогтолцоог “сургадаг” бөгөөд ингэснээр мутацийн эсрэг тохирох хариу үйлдлийг үзүүлнэ. мРНХ технологиор үйлдвэрлэсэн вакцины ачаар хүн төрөлхтөн коронавирусний цар тахлыг даван туулсан тул уг технологийг бусад өвчнийг эмчлэхэд, тухайлбал хорт хавдрын эмчилгээнд ашиглахад үр дүнтэй байх магадлал өндөр гэж эрдэмтэд үзжээ.


Модерна компани ковидын эсрэг Spikevax вакциныг гарган авснаар зөвхөн энэ оны III улиралд гэхэд 3 тэрбум гаруй долларын орлого олжээ. Гэхдээ цаашид зөвхөн нэг л бүтээгдэхүүнд тулгуурлах нь учир дутагдалтай, тэгээд ч ковидын эсрэг вакцины хэрэглээ буурсаар байгаа тул хорт хавдрын эсрэг вакциныг гарган авахад анхаарлаа чиглүүлжээ. 


Биотехнологийн салбар дахь стартап компани болох Modernа бол цар тахлын үед асар богино хугацаанд бизнесээ тэлж чадсан цөөхөн компаниудын нэг юм. Ковидын өмнөхөн гэхэд, ирээдүйтэй гэгдэх технологиудыг гарган авна гэж амладаг боловч ганц ч бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, том амбицтай хэрнээ жижигхэн, алдагдалд ороод байсан тус компани өнөөдөр Уолл-Стритийн S&P 500 индекст багтдаг, 100 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй /хөрөнгөжилт/ болж томорчээ. Хэдхэн хоногийн өмнө Модерна, Мерк хоёрын хамтарсан туршилтын дүн найдвар төрүүлж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараа Moderna Inc компанийн хувьцааны ханш 22 хувиар өсөж, 200 долларт хүрчээ.


Ташрамд сонирхуулахад, тухайн салбарт өрсөлдөгчид гарч ирж байгаа бөгөөд тэдний нэг болох Норвегийн Nykode Therapeutics компани толгой хүзүүний хавдрын эсрэг VB10.16 гэдэг вакциныг Merck-ийн кеитруда эмчилгээтэй хавсран туршаад эхэлжээ. Түүнчлэн BioNTech компани Нью-Йорк дахь Слоун-Кеттерингийн нэрэмжит Хавдар судлалын төвтэй хамтран вакцин туршиж байгаа бол Нью-Йоркийн эрдэмтэд Швейцарийн Рош компанид үйлдвэрлэсэн нойр булчирхайн хавдрын эсрэг тецентрик гэдэг эмийг кеитруда эмчилгээтэй хавсран хэрэглэх боломжийг судалж байгаа аж.


Ийнхүү туршилт судалгааны ажлууд эрчимтэй бөгөөд амжилттай явагдаж байгаа учраас “2030 он гэхэд хавдрын эсрэг вакциныг нийтийн хэрэглээнд гаргана” гэж үзэж байсан хугацаа 2026 он руу наашлах магадлалтай. 

Холбоотой мэдээ