Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхлэхэд тодорхой хүндрэл бэрхшээл үүссэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-29 14:35:21

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хугацааг хойшлуулах гэж буйтай холбогдуулан хүний эрхийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын АН-ын бүлэг нэмэлт мэдээлэл, тайлбар шаардлагатай гэж байр сууриа илэрхийлээд байгаа.

Өнөөдөр уг асуудлаар хүний эрхийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тайлбар авлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хурлын үеэр байр сууриа илэрхийлэхдээ "Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хойшлуулж байгаа шалтгаан дэндүү ядмаг байна. Хүчин төгөлдөр болсон хуулийг хойшлуулж байгаа нь яваандаа эргүүлэн татах, хүчингүй болгох эхний алхам гэж харж байна. Тийм учраас нэгэнт хүчин төгөлдөр болсон хуулийг эргүүлэн татах эрх Засгийн газарт байдаггүйг эртнээс сануулах нь зөв байх. 
"Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бэлэн бус" гэдэг шалтгаанаар хуулийг хэрэгжүүлэхгүй хойшлуулах хуулиас давсан эрх хэнд ч байхгүй. Ийм түүх Монголын парламентын түүхэнд ч байхгүй" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өгсөн тайлбартаа “Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхлэхэд тодорхой хүндрэл бэрхшээл үүсэхээр байна. Тухайлбал дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдон 70 орчиж журам, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг Засгийн газар, холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор зэрэг олон субъект дангаараа болон хамтран батлахаар заасан. Харамсалтай нь дээрх хуулиудыг дагаж гарах таван хууль ёсчлогдон батлагдаагүйгээс журам, зааврыг батлах боломж гарахгүй байна. Хоёрдугаарт хуулийг иргэдэд сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй мянган албан хаагчид гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, захиргааны зөрчлийг илрүүлж ирсэн тогтсон хэвшлийг өөрчлөх зорилгоор сургалт явуулах бэлтгэх ажил хийгдээгүй байна. Зөвхөн ШШГЕГ-т 1500 орон тоо бий болж, хууль хэрэгжих хүн хүчний бололцоо бүрдэх ёстой байхад үүнтэй холбоотой төсөв, зардал Улсын төсөвт суугаагүй нь бас нэгэн шалтгаан болж байна. Үүнээс гадна хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барьж байгуулах шаардлагатай. Үүнд 91 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд мөн л төсөвт суугаагүйгээс хэрэгжих боломжгүй болоод байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл дээрх шалтгаан, үндэслэлээс үүдэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх боломжгүй болж, нэг жилээр хойшлуулан 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр өөрчлөлт оруулах болж байгаа аж.

Мөн тэрбээр “АН-ын хийсэн хууль эрхзүйн шинэчлэлээс ухарч байна гэж байна. Ухраагүй. Хуулиа ёсчилж байтлаагүй УИХ нь тарсан тохиолдол Ардчилсан парламент бий болсноос хойш түүхэндээ анх удаа үүсч байна. Энэ нөхцөл байдлыг зохицуулах зохицуулалт бас алга байна. Энэ нөхцөл байдлаас үүсээд хууль хэрэгжих боломжгүй болчихоод байна гэдгийг тодорхой үндэслэлүүдтэй нь бичсэн байгаа. Гэтэл өдөр бүр өөр өөр шалтгаан, тайлбар хэлж хүнийг доромжилж гүтгэж болохгүй” гэсэн юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ