Их Британи Оросын цөмийн түлшнээс хараат байдлаа багасгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-03 10:27:52

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар цөмийн түлшнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 75 сая фунт стерлинг буюу 90.5 сая ам.доллар хуваарилжээ.


Тус улсын Бизнес, эрчим хүч, стратегийн аж үйлдвэрийн яамнаас даваа гарагт гаргасан  мэдэгдэлд дурдсанаар, Оросын түлшнээс хараат байдлыг багасгах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж. 


“Өнгөрсөн оны зургаадугаар сард “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Оросын иргэний зориулалттай цөмийн болон дагалдах бараа бүтээгдэхүүний хангамжаас хараат байдлыг багасгах, тэр дундаа ураны нийлүүлэлт, цөмийн түлш үйлдвэрлэх хүчин чадлыг төрөлжүүлэх зэрэг хэлэлцэн тогтсон арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Одоогийн байдлаар ОХУ нь дэлхийн уран боловсруулах хүчин чадлын 20 хувь, баяжуулах хүчин чадлын 40 хувийг эзэлж байна. 75 сая фунт стерлингийн хэмжээтэй Их Британийн цөмийн түлшний сан нь цөмийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, арилжааны чиглэлээр хөрөнгө оруулалтыг дэмжих, түүний дотор түлшний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно” гэж тус яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. 


Засгийн газрын энэхүү санхүүжилт нь вант улсад шинээр олборлосон төдийгүй дахин ашиглах ураныг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад зарцуулагдах ёстой байна. Энэ зорилгоор 13 сая фунт стерлинг буюу 15.7 сая ам.долларыг Их Британийн хий хөргүүртэй реакторуудыг түлшээр хангадаг Английн Престон хот дахь цөмийн байгууламжуудад  хуваарилжээ. Түүнчлэн төслүүд нь цөмийн түлшний зах зээлийг төрөлжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах компаниуд 50 сая фунт стерлинг (60 сая ам.доллар) авах боломжтой.


Их Британийн цөмийн аж үйлдвэрийн холбооны тэргүүн Том Грейтрекс Засгийн газрын энэ төсөл нь цөмийн түлшний экспортыг цаашид нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 


Тус улс 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ