ТӨВ: Өнгөрсөн онд Зуунмод хотод 38226 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зуунмод хот ногоон байгууламж хариуцсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна.
Тус газрыг Зуунмод хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 2022 оноос үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Зуунмод хотын хэмжээнд 2021 онд 25 мянган ширхэг мод тоолуулж байсан хэдий ч ургалт зогссон, гэмтсэн, арчлалт хамгаалалтгүйгээс малын хөлд дарагдсан гэх мэт шалтгаан нөхцөлтэйгээр хорогдол их байсан байна. Харин 2022 онд тус сумын хэмжээнд мод, бутны тоо 38226 болон нэмэгджээ. Тухайлбал, айл өрхийн хашаанд 925 ширхэг мод, аж ахуйн нэгж байгууллагын хашаанд 2168 ширхэг мод, нийтийн эзэмшлийн талбайд 1513 ширхэг, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон шинээр хийгдсэн ногоон байгууламжийн хашаанд 33620 ширхэг мод тарьсан байна.
Түүнчлэн Зуунмод хотод ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Барилга хот байгуулалтын сайдын эх үүсвэрээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цогийн хөшөөний орчимд 24 га талбайд Баатруудын цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр байгуулах ажлыг 2022 онд эхлүүлсэн.
Энэхүү ажлыг “Баян дөрвөлж” ХХК шалгаран
гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжинд гүний худаг, цахилгааны дэд станц, 287
ширхэг улиас суулгаж, хойд хэсгийг хашаажуулах ажлыг гүйцэтгэсэн байна.