Б.Чимидийн цээж баримал, шинэ Үндсэн хуулийн эх хуулбарыг Үндэсний музейд заллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2023-01-13 14:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар шинэ Үндсэн хуулийн хуулбар, төр нийгмийн зүтгэлтэн, Монголын Улсын Гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн цээж баримлыг Үндэсний музейд хүндэтгэлтэйгээр заллаа.


Үндэсний музей, Чимид сангаас хамтран зохион байгуулсан уг  ёслолд  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, доктор А.Бямбажаргал, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Л.Хангай, мөн Б.Чимидийн шавь  нар нь оролцсон юм.


Ёслолын ажиллагааг нээж  Үндэсний музей захирал Л.Жаргал үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “1992 онд шинэ Үндсэн хууль хэлэлцэн батлалцсан явдал нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын салшгүй хэсэг нь мөн” хэмээн онцолсон  юм. 1992 онд төрийн тэргүүний хувьд  шинэ Үндсэн хуулийг баталгаажуулан гарын үсэг зурсан анхны Ерөнхийлөгч П.Очирбат уг арга хэмжээний хүндэт зочдын нэг байсан бөгөөд манай улс ардчиллыг сонгоод байсан тэр үед уг хууль нь хэрхэн “төрсөн” талаарх дурсамжаа  хуваалцсан юм. Тэрбээр хэлэхдээ “Агуу хуульчдыг хүмүүжүүлсэн хүн гэдэг өөрөө гайхамшигтай агуу хүн байх нь гарцаагүй. Монголын тэргүүн зэргийн, урдаа барьдаг хуульч гэдгийг шавь нь хэлдэг. Монголын эрх зүйн салбарт маш ихийг хийж бүтээсэн хүн. Тэдгээрийн нэг содон бүтээл нь яахын аргагүй шинэ Үндсэн хууль юм. Шинэ Үндсэн хуулийн эхийг Үндэсний музейд байршуулахаар болсон нь түүхэн үйл явдал бөгөөд байх газар нь энэ яахын аргагүй мөн. Б.Чимидийн бүтээсэн энэ хууль хэмээн би санамсаргүй хэлээгүй. Учир нь үзэг цаас нийлүүлж 1990 оноос хойш  1992 он хүртэл шинэ Үндсэн хуулийн бүх хувилбарыг  жинхэнэ үзэг цаас нийлүүлж, олон хувилбараар бичсэн  хүн бол яах аргагүй Гавьяат хуульч Б.Чимид. Тиймээс ч түүнийг шинэ Үндсэн хуулийн эх баригч гэдэг. Түүний олон сайхан шавь нар нь уг хуулин дээр  хамтран ажилласан” хэмээх онцолсон юм.


П.Очирбат цааш нь хэлэхдээ, 76 хоног өдөр шөнөгүй ажиллаж байж баталсан хууль. Нэлээд мэтгэлцээний үр дүнд төрсөн уг хуулийн нэг заалтыг заримдаа бүтэн хоёр өдөр хэлэлцэж байсныг ч дурсав. Угтаа 21  хоногт батална хэмээн төлөвлөсөн шинэ Үндсэн хуулийг батлахад 76 хоног 400 гаруй депутат уйгагүй ажилласан. Энэ шинэ Үндсэн хууль нь “Монголын ард түмэн бид” гэсэн үгээр эхэлдэг гэдгийг  анхны Ерөнхийлөгч маань сануулсан бөгөөд энэ утгаараа Монголын ард түмний өмч гэдгийг дурдсан юм. 



Холбоотой мэдээ