ДУНДГОВЬ: Тогоогийн хужрыг хоол хүнс, аж амьдралдаа өргөн хэрэглэж заншжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-17 14:49:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотоос зүүн тийш 40 орчим км-т “Тогоогийн рашаан” бий. Түүнийг дотрын өвчин эмгэг анагаахад тустай гэдэг ба ойр орчимд нь маш сайн чанарын хужир ургаж, нутгийн ард иргэд хэрэглэж заншжээ.

Тогоогийн рашааны 49,0 мянган га газрыг аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2017 онд Байгаль, түүхийн дурсгалт газрын ангиллаар 15 жилийн хугацаатай “Аймгийн тусгай хаамгаалалт”-д авах шийдвэрийг гаргасан юм.

Тогоогийн хужир олон талын ашиг тустай, говийн ард иргэд эрт дээр үеэс хоол хүнс, аж ахуйдаа хэрэглэж иржээ. 99 хувийн эрдэмтэй гэгддэг байгалийн хужир нь даралт бууруулж, цус харвахаас сэргийлж, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэж, хордлого тайлж, цөс хөөж, ядаргаа тайлдаг ач тустай.

Хужир нь хvнсний болон малын гэж хоёр янз. Малд хужир өгвөл өвчнөөс сэргийлэх ба хавар зутарсан vед нь хужир долоолговол тамир тэнхээ нэмэгддэг аж. Малчид “хужир таргалахад ташуур, турахад тушаа” хэмээн зун, намрын цагт малынхаа тарга, хүчийг нэмэгдүүлэх, харин авсан тарга, тэвээргийг хадгалахын тулд өвөл, хавартаа хужир долоолгодог ажээ.

Харин хүнсэнд хэрэглэдэг хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микро элементvvд бага хэмжээгээр ордог, шимт чанар сайтай эрдэс тэжээлд тооцогддог учир хvний биед сайн нөлөө vзvvлдэг бөгөөд нvvрс хvчлийн натрийн давс болох карбонат бикарбонатыг агуулдаг байна.  

Говь нутагт малчид намар ямааны сүүгээ хурааж хадгалдаг бөгөөд хураасан сүүгээ задлахын тулд хужир хийж самрахад сайн сүлэгддэг.

Тиймээс хужрыг ихэвчлэн цайнд хийж уух бөгөөд ингэснээр цайны шингэц сайжирч, цай аагтай, өтгөн шаргал болохоос гадна зөөлөн сайхан амттай байдаг. Сүүтэй цай, хар цайны алинд ч хийж уухад болно.

Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг ба гурилан идээг хөөж исгэхэд өргөн хэрэглэдэг аж.

Хужрын эрдэм чадлыг монгол анагаах ухааны номд “ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг цэвэрлэх үйлдэлтэй” хэмээн тэмдэглэжээ. Хужрыг байнга хэрэглэснээр цөс, бөөр, давсагт чулуу хуримтлагддаггүй гэдэг.

Түүнээс гадна хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт буурна. Цээж хорсох буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 гр хужир хийж буцалган бүлээнээр уувал сайн гэдэг.

Түүнчлэн аяга, сав суулгыг угаахаас гадна үсээ хужраар угаавал намирсан зөөлөн болж, хуйханд тэжээл өгдөг аж.

Дундговь аймагт Бүсрэн гэх нэртэй бариач байсан юм. Тэр хүн толгой өвдөж, хүзүү хөшихөөр Тогоогийн хужраар толгой хүзүүгээ шавшиж бай гэж зөвлөдөг байсныг олон хүн амьдралдаа хэрэгжүүлдэг байна.

Тогоогийн хужрыг Дундговийн иргэд, тэр дундаа малчид анддаггүй бөгөөд хоол хүнс, аж амьдралдаа ийнхүү өргөн хэрэглэдэг ажээ. 



Холбоотой мэдээ