Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2011 онд Увс аймагт тухайн үеийн засаг даргын захирамжаар “Нэг цонхны үйлчилгээний төв” байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Гэвч сүүлийн жилүүдэд цөөн мэргэжилтэн суусан, үйл ажиллагаа нэлээд саармагжсан байдалтай байсныг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж үзээд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар болжээ.
Иймээс хуучин байранд нь бага зэргийн засвар хийж төрийн албан хаагчдын ажиллах ая тухтай нөхлийг бүрдүүлж, иргэдийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдийг тогтмол суулгах тал дээр холбогдох хэлтэс, агентлагуудын дарга нартай гэрээ байгуулсан байна.
Одоогийн байдлаар хөдөлмөрийн харилцаа, газрын харилцаа халамж үйлчилгээ, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, төрийн банк болон эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, компьютер, канон, зурагчин, нотариатын үйлчилгээнүүд Увс аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд төвлөрөөд байна. Тус төв нь иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэхийн төлөө ажиллах аж.
Увс аймаг Б.Батхүү