ӨВӨРХАНГАЙ: Сумын эмнэлэг ходоодны дурангийн шинжилгээ хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-24 16:53:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг ходоодны дурангийн оношилгоо, шинжилгээ хийж эхэлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус эмнэлгийн Дэмжих төвд ходоодны дурангийн иж бүрэн аппаратыг нийлүүлсэн бөгөөд сумын 61-ээс дээш насны иргэдийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхэлсэн байна.


Өнгөрөгч оны сүүлээр гэмтлийн C-ARM рентген аппарат, бөөрний гемодиализийн аппаратыг нийлүүлж, мөчдийн ясны болон зөөлөн эдийн гэмтлийн болон судасны зарим мэс заслыг сумандаа хийх боломж бүрдсэн юм. Орчин үеийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлж байгаатай холбоотойгоор Ц.Мөнхбат, Э.Баасансүрэн, Ц.Үүрийнтуяа, Д.Мөнхсайхан нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, ходоодны дуран, гэмтлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлжээ.


Ташрамд дурдахад Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь 2022 онд 57 мянга гаруй иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээг хүргэн, 4 мянга гаруй иргэнийг хэвтүүлэн эмчилж, 250 гаруй эхийг эсэн мэнд амаржуулан 200 гаруй хүнд яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хийсэн байна.

Холбоотой мэдээ