Шинэ цэцэрлэг баригдах эсэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-30 19:34:44

Энэ хичээлийн жилд Дундговь аймгийн 21 цэцэрлэгт 4 мянга орчим хүүхэд хамрагдана. Энэ нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 85 орчим хувь болж байгаа бөгөөд ялангуяа аймгийн төвд цэцэрлэг дутагдалтай, одоо байгаа цэцэрлэгүүд хүчин чадал  хэтрэн ажиллахаар байна.

Эл нөхцөл байдал зөвхөн энэ жил үүсээгүй юм. Жилийн жилд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригддаг бөгөөд эл асуудлыг шийдэхээр энэ онд  150 хүүхдийн шинэ цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Концессын гэрээгээр гүйцэтгэгч аж ахуйн нэгж ч шалгараад байсан бөгөөд харин цэцэрлэгийн барилга  эхлээгүй.

Үүнийг Боловсрол, соёлын газраас тодруулахад, БСШУ- ны яамны дэргэдэх Санхүү, хөрөнгө оруулалтын газар татан буугдсан тул шинэ цэцэрлэгийн асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.

Энэ хичээлийн жилд аймгийн төвийн 7 цэцэрлэг 1260 гаруй хүүхэд хүлээн авна. Энэ нь дээрх цэцэрлэгүүдийн хүчин чадлаас даруй 380 гаруйгаар хэтэрсэн тоо болжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ