Японд “COVID-19”-ийн ангиллыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-27 10:01:07

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар “COVID-19”-ийг ирэх тавдугаар сарын 8-ны өдрөөс улирлын томуу зэрэг халдварт өвчнийхтэй ижил ангилалд оруулан шатлалыг нь бууруулахаар төлөвлөж байна.


Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Кишида Фүмио уг халдварт өвчнийг томуутай ижил бүлэгт хамааруулан тавдугаар ангилалд шилжүүлэх асуудлыг энэ хавар зарчмын хувьд авч үзэхийг Эрүүл мэндийн сайд Като Кацүнобүд үүрэг болгожээ.


Одоогийн байдлаар “COVID-19” нь Японы халдварт өвчний ангиллын системийн хоёр дахь онцгой аюултай шатлалд /хоёрдугаар ангилал/ багтаж байгаа юм. Энэ түвшин нь эрх баригчдад өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хатуу арга хэмжээ авах боломжийг олгодог.


Пүрэв гарагт К.Фүмио Эрүүл мэндийн сайд тэргүүтэй бусад төлөөлөгчидтэй хуралдаж дээрх товыг гаргажээ. Тавдугаар сарын 8 нь Японд дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг урт амралтын дараа гэсэн үг юм. Орон нутгийн засаг захиргаа, эмнэлгийн байгууллагууд холбогдох бэлтгэлийг хийхэд хангалттай хугацаа хэрэгтэй гэж төлөөлөгчид хэлсэн байна. 


Засгийн газар баасан гарагт болох коронавирустэй тэмцэх асуудал эрхэлсэн ажлын хэсгийн хуралдаанаар COVID-19”-ийн ангилалд өөрчлөлт оруулахтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргах ажээ.

Холбоотой мэдээ