ХОВД: Хүүхдийн хөгжлийг дэмжих төв байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-27 12:14:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй хүүхэд бий. Үүний 470 орчим нь нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Иймээс Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг (БОЭТ) Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил” төслийн дэмжлэгтэй Хүүхдийн хөгжлийг дэмжих төв байгуулжээ.

Тус төвийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 26-нд болов. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хоёр сар гаруй хугацаанд тус төвөөр 70 гаруй хүүхэд үйлчлүүлжээ.

Хүүхдийн клиникийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй тус төвийг нийт 117 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Нийт 41 нэр төрлийн төхөөрөмж суурилуулснаас 13 нь оношилгоо, бусад нь нөхөн сэргээх зориулалттай. Энд хүүхдийн хөгжлийг дэмжих хөдөлгөөн заслын болон нөхөн сэргээх эмчилгээ сувилгаа хийхээс гадна оношлох, эрт илрүүлэх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл хангажээ.  



 

 

 

Холбоотой мэдээ