Үзэгчдийн сэтгэлийг хөглөсөн “Тал нутгийн мөсөн шоу”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-01-29 10:30:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тал нутгийн мөсөн шоу буюу “Grass land on Ice 2023" уран гулгалтын анхны шоу тоглолт Улаанбаатар хотод хоёр хоног зохиогдлоо. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохиогдсоны төгсгөлийнх нь энэ юм.


Нийслэл хотод үүд хаалгаа нээсэн “Степпe Арена” мөсөн ордонд болсон шоуны ивээн тэтгэгчээр Соёлын яам, “МИАТ” ТӨХК, дэмжигчээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам  оролцжээ. Мөсөн дээр гайхамшгийг үзүүлэх санаачилгыг Монголын тэшүүрийн холбоо гаргаж, Японы уран гулгалтын холбоотой хамтран уран гулгалтын спортыг хүүхэд залууст сурталчлахыг зорьсон байна. Ийм санал санаачилгын үр дүнд монголчууд бид Мөсөн өргөөтэй болсныхоо ид шидийг утгаар нь үзэж бахадлаа. Гэхдээ зөвхөн уран гулгалт бус, бүжиг, цирк, ая дуу гээд бүрэн төгс шийдэлт тоглолтыг үзсэн юм.


Хоёр дахь өдрийн эхний тоглолт 15.00 цагаас эхлэх товтой байсан. Биднийг очиход хүүхэд багачуудаа дагуулсан нийслэлчүүд Мөсөн өргөөний хаалганд дугаарлан зогсож, уртын урт дараалал үүсгэсэн байлаа. Гэхдээ тэнд уур уцаар, ундууцал байсангүй, харин ч инээд цалгиж, хүүхдүүд баясч байв. Дотогш ороход 40, 55 мянган төгрөгийн тасалбар л үлдсэн байсан. Үзэгчид хүсэн хүлээсэн тоглолтоо үзэх гэж олон хоногийн өмнөөс цахимаар захиалгаа өгсөн гэнэ. Жаахан жишүү харах боломжтой байрлалын тасалбар нь 40 мянган төгрөгийн үнэтэй. Харин эгц урдаасаа бол 55 мянгын үнэтэй юм билээ. Суудлын үнэ нь тийм болохоос хүүхэд, насанд хүрэгчид гэсэн зааг ялгаагүй. Тоглолт үзэгчдийг суудлаа эзэлсний дараа буюу 15.40 минутад эхэлсэн. Гэрэл унтарч, дэлгэц дээр түм буман одод жирэлзэн гарч ирэхэд заал дүүрэн үзэгчид уран гулгагчдыгаа алга ташилтаар угтаж авсан. Энэ өдрийн үзэгчдийн 80 гаруй хувь нь хүүхдүүд байсан төдийгүй анхны тоглолтыг бодвол илүү их хүн цугларсныг хөтлөгч хэлж байлаа. Зарим нь бүр Японы гулгагчдад зориулж, аниме-ийн хувцсаар гангарч ирсэн харагдана. Эд бол Н. Өрнөхбуян, Н.Буяндэлгэр гэдэг ах дүү хоёр. Тэд “Чөтгөрийн ангууч” гэх аниме-ийн Зинецу болон Шинобугийн хувцсаар гоёжээ. Н.Буяндэлгэр охин “Японы уран гулгагчдад зориулж аниме-ийн хувцсаа өмсөж ирсэн. Тэд бидэнд зориулж гулгаж байгаа болохоор талархаж байгаагаа харуулах гэсэн юм” хэмээсэн. Харин дундах хүү нь хувцсаа өмсөж ирээгүйдээ жаахан гутарсан гэсэн шүү.

Тал нутгийн мөсөн шоуны зохиомж нь тун сонирхолтой. Үзэгч хүүхдүүдэд үлгэр ярьж өгч байгаа юм шиг гоё. Арлын Наран улсаас нарлаг Монголыг зорин хавар нисэн ирсэн цэн тогоруудаас нэг нь гэмтэж, намар буцаж чадахгүй үлдэхэд хөдөө талын монгол жаалууд асарч эдгээгээд дараа жил нь халуун дулаан нутгаа санан санан далайн чанад руугаа буцаж байгаа үйл явдал өрнөнө. Өнгө, гэрэл, дуу хөгжим янзтай. Тайзнаа бүжиглэж буй мэт  сул чөлөөтэйгөөр мөсөн дээр наадагчдыг нэмчихээр бүр гайхамшигтай. Хөтлөгчийн тайлбар өгүүлэмж сайтай. Дэл сул үггүй атлаа сэтгэлд хүрсэн тийм нэг мэдрэмж. Дээр нь дуурийн дуучин МУГЖ Ө.Уянга, “Буган” хамтлаг, “Никитон” хамтлагийн дуучин, МУУГЗ Б.Батчулуун, дуучин МУГЖ Д.Оюунтүлхүүр, гайхалтай хоолойт Б.Маралжингоог нэрлэчихээр яалт ч үгүй нэгэн цул болчихож байгаа юм. Ийм гайхалтай нэгдлийг хэрхэн бий болгож, үзэгчдэд хүргэв гэтэл тоглолтод “Фауст”, “Гэм зэм” жүжгээр олноо танигдсан УДЭТ-ын найруулагч М.Батболд, Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар гар нийлэн ажиллажээ. Өөрөөр хэлбэл, найруулга, зохиол яв цав нийлсэн гэсэн үг.


Эхний үзүүлбэр дээр “Алсын газрын зэрэглээ” дуу танхим дүүрэн цуурайтаж, араг, чингэлэг үүрсэн найман хүүхэд гарч ирснээр үйл явдал өрнөх үед дуучинг нь хэн ч Маралжингоог байна гэж таасангүй. Тэр бүү хэл, жавар тачигнасан “Талын салхи” болсон хөтлөгчийг агаарт дүүлээд бууж ирэхэд Э.Ууганбаяр гэж бодоогүй. Харин тэрбээр өөрийгөө “Хүүхдүүдийг айлгачих вий” гэж сануулж байсан. Тэгээд ч зогсоогүй үзэгчдийн суудал дундаас “Намайг таних хүн байна уу” гэж асуугаад амжсан.


Шоу тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсгийн гайхалтай нийлэмж бол “Цаасан шувуу” дуу байсантай үзэгчид санал нийлэх биз ээ. Энэ дууг анхлан дуулснаараа нэгэн цагт Монгол Японы найрамдалт харилцааны гүүр болж байсан, МУГЖ Д.Оюунтүлхүүр өөрөө Мөсөн өргөөнд дуулаад зогсохгүй, агаарт дүүлж, хурсан олны бахархлыг төрүүлсэн бол, “Никитон” хамтлагийн ахлагч, МУУГЗ Б.Батчулуун түүнтэй хоршиж, “Улаан бүч” чуулгын багачууд хамтран дуулснаар энэ тоглолтын өвөрмөц өнгийг бүрдүүлж чадсан юм.


Нэгдүгээр хэсэгт дөрвөн тивийн аваргаас хоёр удаа хүрэл медаль хүртсэн, Японы уран гулгагч, өдгөө 26 настай Хонго Рика мөсөн талбай дээр гарсан. 2015 оны ДАШТ-д зургаадугаар байр эзэлсэн амжилттай, одоогоос хоёр жилийн өмнө шигшээ багаас зодог тайлсан энэ уран гулгагч солонгос дуун дээр үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд  Мөсөн өргөөний мөсөн талбайг эзэгнэх шиг болсон доо. Сэндай хотоос гаралтай Хонго Рикагийн ээж Юко нь уран гулгалтын тамирчин байжээ. Тэрбээр найман настайгаасаа эхлэн Нагоя хотод Хироши Нагакүбо гэх дасгалжуулагчийн дор бэлтгэл хийж эхэлжээ. Түүнийг уран гулгалтын тамирчин болоход олимп, дэлхийн аварга Шизүка Аракава нөлөөлсөн гэнэ. Тэрбээр “Анх удаа Монголд ирээд энэ шоунд оролцож байна. Бодсоноос илүү аймаар хүйтэн байлаа. Үнэхээр гайхалтай шоуг зохион байгуулж байна. Үүнд оролцсондоо баяртай байна. Үзэгчид нь алга ташаад маш сайхан хүлээж авсан. Монгол миний төсөөлж байснаас огт өөр байсан учраас би дахиж ирмээр байна” гэсэн юм.


Талбайд гарсан хоёр дахь гулгагч бол Г.Марал-Эрдэнэ. Манай мэргэжлийн цорын ганц тамирчин гэдэг утгаараа мөн “Хирошимагийн цаасан шувуу” дууны Садако охин, Монгол, Японы хооронд нүүдэллэн нисдэг цэн тогорууны дүрд тоглосноороо тус шоуны гол баатар. Түүнчлэн Азийн наадам, Гран При, залуучууд, оюутны наадам гээд олон улсын том тэмцээнд Монголынхоо нэрийг гаргаж яваа бүсгүй.  Улаанбаатарт хотод төрсөн ч 2005 оноос Япон улсын Нагоя хотын Орион клубт уран гулгалтаар хичээллэж эхэлсэн тэрбээр 2011 онд Монгол Улсыг төлөөлж Азийн наадамд өрсөлдсөн анхны уран гулгагч болсон байдаг. Таван настайдаа эцэг эхийн хамт Нагоя хот руу нүүж, Японд 16 жил уран гулгалтаар хичээллэж байгаа Г.Марал-Эрдэнэ “Монголд анх удаа ийм том мөсөн шоу болж, энэ арга хэмжээнд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг. Энэ шоу  бол спорт, урлагийн хамтарсан тоглолт. Би балетчинтай хамт “Хунт нуур”-ын хэсгээс тоглоно. Урьд өмнө хийж байгаагүй үзүүлбэр тул сэтгэл их догдолж байна. Мөн дуучдын шууд тоглолттой хослуулан, уран бүтээлээ үзүүлэх юм” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан бол анхны тоглолтын дараа “Анх маш их санаа зовж байсан ч өнөөдөр гол дүрийг нь бүтээгээд гулгаж байгаадаа сэтэл хангалуун байна. Өөрөөр хэлбэл, Японы уран гулгагчидтай хамт энэ шоунд оролцоод Монголынхоо нэрийг гаргаад гулгаж байгаадаа маш их баяртай байна. Ийм шоу зохион байгуулж байгаа нь чухал ч гэсэн үүний дараа уран гулгалтыг сонирхох хүүхдүүдэд уран гулгалтын сайхныг мэдрүүлэх суурийг нь тавьж өгч байгаа нь илүү чухал санагдаж байна. Мөсөн шоуны дараа 7 хоног энд байна. Тэгэхдээ урьд нь уран гулгалт зааж байсан сурагчдадаа аль болох илүү ихийг зааж өгөхийг хүсч байна. Хамгийн гол нь Монголын уран гулгалтыг хөгжүүлэхэд тусалмаар байна” гэсэн.


Тоглолтын эхний хэсэг 20 хором завсарлах зуурт уран гулгалтыг гайхан бишрэгчид түр амсхийгээд авах нь тэр. Хүүхэд багачууд голдуухан хөөсөн чихэрт дугаарлаж харагдана. Идсэн чихрийнхээ цаасыг, уусан ундааныхаа савыг хогийн саванд хийж байгааг хараад ирээдүй үеэрээ бахархсан. Ер нь энэ өдрийн бяцхан үзэгчид үнэхээр хүмүүжилтэй боловсон, хотын соёлтой байснаас томчуул үлгэр авмаар санагдсаныг нуух юун. Энд хөөсөн чихэр 6000, жижиг бургер 15 мянган төгрөгийн ханштай байсан. Завсарлагааны үеэр арын суудалд зэрэгцэж суусан хоёр хүүхдээс сэтгэгдлийг нь сонссон юм. Тэд “Үнэхээр гоё шоу байна” гэж дуу нийлүүлэн хэлсэн. Мөн аав ээжтэйгээ хамт үзсэн бол хөөсөн чихэр авхуулах байснаа ч дуулгасан.

Энхрийлэн, Эзлэн гэх сонин содон нэртэй охин хүү хоёр ах дүүгийн хүүхдүүд гэнэ. Бас хоёулаа 10 настай, гэхдээ Энхрийлэн 3 сарын эгч болохоор том нь. Аав ээж нар нь тэр хоёрт цахимаар тасалбар захиалж, Мөсөн өргөөнд хүргэж өгөөд үлдсэн гэнэ. Тоглолт дуусангуут хаалган дээр тосч авахаар тохиролцож. Тэр хоёр урьд нь тэшүүрээр гулгаж үзсэн болохоор энэ шоу их таалагдаж байгаа гэнэ. Ингэж хууч хөөрөнгөө шинэ танилуудаа дайлахаар болж, 20 мянган төгрөг өгөөд хүссэн чихрээ авч ид гэвэл “Баярлалаа” гээд дэгдэж одсон. Гэсэн ч төд удалгүй “ Хөөсөн чихэр дууссан гэнээ” гээд буцаад ирсэнд яагаад ч юм бэ, буруутай юм шиг санагдаад байсан. Тэгээд “Уучлаарай” гэсэн чинь “Зүгээр дээ, эгч ээ. Танд харин баярлалаа” гэж подхийтэл хариулж байна лээ. Өдрийн тоглолтод ийм олон хүүхдүүд ирж байхад хангалттай чихэр хийчихэж болдоггүй юм байхдаа гэж бодогдоод л байсан. Биднийг ингэж будилж байх зуурт “Мөрөөдөл биелэх- Мөсөн хотхон” гэсэн бичигтэй, бөөрөн дээрээ цасан ширхэгийн зурагтай цэнхэр машин мөсөн талбайг цэмбийтэл цэвэрлээд амжсан. Тэр машины бөөгнүүлсэн цасыг хоёр залуу хүрзээр хамаад хувинд хийж цааш нь зөөвөрлөөд л талбай цэв цэвэрхэн.


Цамын бүжгээр тоглолтын хоёрдугаар хэсэг эхэлсэн. Тал нутгаа шүтэх Монгол, ус далайгаа шүтэх Япон хоёрын харилцан шүтэлцлийг харуулахыг зорьсон хэсэг. Тоглолт эхлээд тун удалгүй цахилгаан түр доголдсон ч нэг ч балчир хийгээд өсвөр үеийнхэн эсэргүүцэл илэрхийлсэнгүй. Түүний оронд утасныхаа гэрлийг асааж мөсөн талбайг гэрэлтүүлснээр тэнгэрийн одод чухамдаа энд буугаад ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлж байв. Ингэснээрээ хөтлөгч Ууганаагаас “Өнөөдрийн үзэгчид үнэхээр гоё, саак байна” гэдэг үнэлгээг хүртсэн байх.


Хоёрдугаар хэсэгт Японы мэргэжлийн уран гулгагч Хироки Хонда болон Цүнэхито Каракава гэх залуус үзүүлбэрээ үзүүлсэн.  Хамгийн жижиг ч хамгийн сонирхолтой агаад мөсөн талбайд яаж хүссэнээрээ гулгаж, гайхуулж болдгийг Цүнэхито Каракава гэдэг залуу утгаар нь харуулсан. Энэ өдрийн бишрэм үзүүлбэрийн нэг нь яах аргагүй Тоёота хотоос гаралтай Үрамацү Чисатогийн уран чадвар байсан.  Таван настайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэсэн, олон улсын Гранпри тэмцээний шагналт байрт шалгарч байсан өдгөө 21 настай уран гулгагч бүсгүй хамгийн цоглог аяз дээр хамгийн хүнд элементийг багтаасан үзүүлбэр үзүүлж, хурсан олны талархлыг хүлээгээд зогсохгүй, халуун алга ташилт, түрлэг уухайн дуунд тоглолтоо өндөрлүүлсэн юм. Төгсгөл хийсэн хамтын бүтээлийг үзсэн хүн бүр алга ташиж угтсан. Үнэхээр ч хоёр орны бүжигчид бүжиж, уран гулгагчид чөлөөт үзүүлбэр үзүүлж, жинхэнэ утгаараа “Хонины найр” шиг өргөн дэлгэр баяр болж байхад баясахгүй хүн гэж хаана байх вэ. Далайн бүлээн салхи, талын жихүүн салхи нэгдэн нийлж, хүндлэл хайр итгэлийг бий болгож байхад хүмүүний сэтгэл уяралгүй л яав гэж. Ийм нэг гэгээлэг тоглолт анх удаа Монголд болж, болох болохдоо арлын Японд их ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалын зодог тайлах албан ёслолтой давхцсан нь учиртай биз. М.Даваажаргалын хувьд мэргэжлийн дэвжээнд 20 жил барилдаж, 1187 ялалт байгуулж дахин давтагдашгүй амжилтыг тогтоож ёкозүна их аварга болсон түүхтэй.


Шуудхан хэлэхэд, Монголд ийм мөсөн өргөөг байгуулсан байгууллага, хамт олонд  талархахаас аргагүй. Энэ ордонд тун удахгүй ОХУ-ын уран гулгалтын одод ирж тоглохоор яригдаж байна. Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ бүхнийг эх орондоо үзээд сууж байх юм гэж санасангүй ээ. Улс орон маань хөгжиж л байна даа. Ер нь бол уран гулгалтыг яг дэргэдээс нь харж, нүдээр үзэхээр үнэхээр тансаг харагддаг юм байна. Тиймдээ ч зөвхөн хүүхэд залуусын бус үзэгчдийн сэтгэлийг хөглөсөн гэж тодотгосон юм шүү.

Холбоотой мэдээ