“Хүмүүн бичиг” сониныг дэлхийн өнцөг булан бүрээс унших боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-01 11:19:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин Esan үндэсний цахим санд байршиж эхэллээ.


Хилийн чанадад суугаа монгол бичигтэн, мөн үндэсний босоо бичгээ сурах хүсэл, сэргээх зорилготой хэн бүхэнд монгол бичгээрээ мэдээллийг цахимаар хүлээн авах боломж бүрдэж байна. Esan үндэсний мэдлэгийн цахим санд ном, сурах бичиг, сонин сэтгүүл, салбар бүрийн эрдэм шинжилгээ, судалгаа, диплом, диссертацийн ажил зэрэг монгол хэлээрх бүх төрлийн хуучны болон орчин цагийн бүтээл, материалыг төвлөрүүлэн, 10 гаруй их дээд сургууль, 30 гаруй байгууллага, мянгаад зохиолчтой хамтран ажиллах гэрээ байгуулж, 30 мянга орчим контентыг цахимжуулан байршуулжээ


Монголчууд үндэсний бичиг соёлоо хадгалан хамгаалж, дэлхийд сурталчлан таниулах, өв соёл, түүхээ үр хойчдоо өвлүүлэхээр 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхийг УИХ-аас хуульчлан баталсан билээ. МОНЦАМЭ агентлаг үндэсний монгол бичгээ дээдлэн дэлгэрүүлж, “Хүмүүн бичиг” сонинг 31 дэх жилдээ гаргаж байна. Манай агентлагаас өнгөрсөн сард, уламжлал болгон зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн-2022“ улсын 26 дахь уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөд цахим шийдэл чухал”-ыг дурдаад, “Хагас жарны турш монгол бичгийн хэрэглээг нэмэхэд чухал хувь нэмэр оруулж буй “Хүмүүн бичиг” сониныг өдөр тутмын болгох нь зүйтэй” хэмээн тэмдэглэсэн юм. Иймийн учир МОНЦАМЭ агентлаг үндэсний монгол бичгээр 7 хоногт тутам эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноо ирэх онд өдөр тутам болгон хөгжүүлэхээр бэлтгэлээ базааж байна.


Холбоотой мэдээ