СҮХБААТАР: Өвлийн спортын УАШТ-ийг анх удаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-02-01 14:37:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулж байна.

Шайбтай хоккейн U16 насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баруун-Урт суманд эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Багануур, Хэнтий, Сүхбаатар аймгийн зургаан багийн 90 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд тэд мөсөн талбайд өрсөлдөнө.


Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ, орон нутагт багийн болон бусад спортыг хөгжүүлэхийн тулд орчин нөхцөл, боломжоор нь хангаж, спортын төв, стандартын талбайнуудыг шат дараатай барьж ашиглалтад оруулж байна. Үүний үр дүнд улс бүсийн чанартай тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулж, ингэснээр тамирчид туршлага судлах давуу тал бий болж байна. Өвлийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт анх удаа болж байгаа нь онцлог. Эдгээр өдрүүдэд нутгийн хүүхэд багачууд хоккейн тэмцээнийг үзэж сонирхох, цаашлаад уг спортоор хичээллэхэд энэхүү тэмцээн хувь нэмрээ оруулах болно гэдгийг тодотголоо.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дарьганга зочид буудал, Талын дайчид Сүхбаатар аймгийн хоккейн клуб хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, БТСГ ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ