Төмөр замаар ойрын 3 жилд 15 сая.тн ачаа тээвэрлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-02 15:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед шуурхай, хямд тээвэрлэхэд төмөр зам хамгийн чухал байгаа билээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замд зүгшрүүлэх тээвэрлэлтээр мидлинг тээвэрлэж байгаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг улсын комисс энэ оны 5 дугаар сард бүрэн хүлээн авахаар төлөвлөжээ


Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд авто тээврээр 1 тн нүүрсийг 32 орчим ам.доллараар зөөж байна. Үүнийг төмөр замаар тээвэрлэх үнэ 3 дахин хямд байх техник, эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гаргаад байгаа. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нэг жилд 30 сая.тн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийнх 25 сая.тн, Зүүнбаян-Хангийнх 15 сая.тн ачаа тээвэрлэх боломжтой гэжээ. Гэхдээ төмөр замаа бариад дуусгасан ч дээрх тооны ачааг шууд тээвэрлэх боломжгүй юмИймд 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая.тн, нийт 8 сая.тн ачаа тээвэрлэх төлөвлөгөө гарган, ойрын 3 жилд 15 сая.тн ачаа тээвэрлэхийг зорьж байгаа.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд БНХАУ-ын талтай хил холболтын цэгээ тохирчихсон, техник, эдийн засгийн үндэслэлийн зураг хийж байгаа. Зураг төсөл дээр хятадын талтай тохирох ажлыг яаравчлан, 2023 онд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг орон нутгийнх нь хэмжээнд тохирсон, цаашид баталгаажуулна. Тээвэрлэлтийн хэмжээг техник, эдийн засгийн үндэслэлд хүргэхэд хил холболтын төмөр замаа барьж дуусгах, 2 улсын хил боомтын хүчин чадал хамаарна” гэдгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэмдэглэлээ.


Тэрбээр, “Энэ онд баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ боомт, зүүн босоо буюу Эрээнцаваас-Хөөт-Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлнэ. Энэ төсөлд Засгийн газраас Монголын төмөр зам ТӨХК концесс эзэмших эрх өгсөн нь суурь бүтцээ төрийн мэдэлд байлгах бодлого” хэмээн тодотгосныг ЗТХЯ мэдээлэв.


Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хувьд хамгийн ачаалалтай хэсэг нь Сайншандаас Замын-Үүд чиглэлийн төмөр зам бөгөөд 2022 онд Шаргын-Овоо хүртэл төмөр замыг өөрсдийн хөрөнгө оруулалтаар хос болгосон. Замын-Үүдээс Эрээн чиглэлд өргөн царигийн 2, нарийн царигийн 1 замыг өөрийн хөрөнгөөр барьж, энэ оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ