ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-03 16:37:58

Ховд /МОНЦАМЭ/.  “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тохиодог.


Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарч, хүн амын дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж буй.

Судалгаанаас үзэхэд, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын кабинетээр жилд 4000 гаруй иргэн үйлчлүүлж байна.

Одоогийн байдлаар хавдартай гэж оношлогдсон 703 иргэн эмчийн хяналтад орж, эмчлүүлж байгаа аж.

2022 онд л гэхэд хорт хавдрын өвчлөлийн 222 тохиолдол шинээр оношлогдсоноос 35 хувь нь эрт шатандаа, 65 хувь нь хожуу үедээ байжээ. Мөн 2023 он гарсаар 8 иргэн ходоод, элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байна.

Сүүлийн үед  элэг, ходоод, улаан хоолой, уушги, нойр булчирхайн хорт хавдар зонхилон бүртгэгдэж байна. 

 

Хавдрын оноштой иргэдэд мэс засал, химийн эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээ хийж байгаа. 2022 оны байдлаар давхардсан тоогоор 200 гаруй хүн химийн эмчилгээ, 350 гаруй хүн хөнгөвчлөх эмчилгээнд хамрагджээ. 

Онцлоход, Ховд аймагт химийн “бай” эмчилгээг шинээр нэвтрүүлснээр иргэд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж, орон нутагтаа хавдрын дахилт, үсэрхийллээс сэргийлэх эмчилгээ хийлгэх, цаг хугацаа, зардал хэмнэх, амьдралын чанараа сайжруулах боломж бүрсэн байна. Мөн элгэнд үүссэн хавдрыг тэжээх судсыг химийн тариа, эмээр бөглөж, тархалтыг бууруулах зориулалт бүхий судсан доторх мэс заслыг шинээр хийж байгаа юм.

2022 онд л гэхэд элэгний хавдрыг тэжээх судсыг химийн эмээр бөглөх мэс ажилбарыг зургаан хүнд, элэг, ходоод, бүдүүн гэдэсний хавдрыг мэс заслаар авах хагалгааг долоон хүнд амжилттай хийжээ.

 

Судалгаанд тусгаснаар Ховд аймгийн хэмжээнд 2020 онд хорт хавдрын 167 тохиолдол бүртгэгдэж 132 хүн нас барсан. 2021 онд хорт хавдрын 166 тохиолдол бүртгэгдэж 130 хүн нас барсан байна. 2022 онд хорт хавдрын 222 тохиолдол бүртгэгдэж 136 хүн нас баржээ.   

Гурван жилийн өмнө хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байсан бол өнгөрсөн жил 65 хувь болж буурсан. Энэ нь иргэд өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг болсон. Нөгөө талаар эрт илрүүлэх үзлэгтэй холбоотой гэж мэргэжлийн эмч нар үзэж байна.  

Иймээс иргэд өвдсөн үедээ эмнэлэгт хандах бус урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг эмч нар зөвлөлөө.


Холбоотой мэдээ