Ираны дээд удирдагч олон "арван мянган" хоригдолд өршөөл үзүүлэхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-06 11:04:30

ТЕХРАН. /IRNA/. Ираны дээд удирдагч, шашны тэргүүн Али Хаменеи Исламын хувьсгалын ойг тохиолдуулан засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон хэргээр ял шийтгүүлсэн “олон арван мянган” хоригдолд өршөөл үзүүлэхээр болсныг "IRNA" агентлаг ням гарагт мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, А.Хамени улс оронд нь саяхан болсон үйл явдлын үеэр баривчлагдсан хэдэн арван мянган хүнийг өршөөлд хамруулах, ялыг нь хөнгөлөх талаар гаргасан Дээд шүүхийн дарга Голям Хосейн Мохсени-Эжеигийн саналыг зөвшөөрсөн байна.


Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн, төрийн өмчийг устгасан, эвдлэн сүйтгэсэн эсвэл шатаасан, түүнчлэн тагнуул хийсэн, гадаадын тагнуулын албаны талд ажилласан хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй гэдгийг “IRNA” агентлаг тэмдэглэжээ.


Өнгөрсөн оны есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан хэрэг гарч, улмаар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон. 


Ираны шүүхээс үймээн самуунд өдөөн турхирсан, аюулгүй байдлын хүчнийхэнд халдсан хэргээр хэд хэдэн хүнд цаазаар авах ял оноосон бөгөөд анхны цаазын ялыг өнгөрсөн 12 дугаар сарын 8-нд гүйцэтгэсэн тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм.


Холбоотой мэдээ