Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд
нэн тэргүүнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлэх шаардлагатай байна. “Монголд
зочлох жил”-ийн хүрээнд тээврийн салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргах талаар
ЗТХЯ-наас зохион байгуулж буй уулзалт дээр хэлэлцлээ.
Уулзалтад оролцсон ААН, байгууллагын төлөөлөл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуны түрүүн орон нутгийн нислэгийн үнийг хямдруулах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа саналыг хэлж байна. Мөн олон улсын нислэгийн зарим чиглэл болон төмөр зам, автотээврийн үйлчилгээг сайжруулахыг хүслээ. Тухайлбал, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний маршрутыг сэргээх, газраар унтлагын автобус явуулах зэрэг үйлчилгээг нээх тал дээр санаачилга гаргаж ажиллахыг хүссэн юм.
ЗТХ-ийн
сайд Б.Бямбацогт уулзалтад хэлэхдээ, орон
нутгийн нисэх буудлын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, цаашлаад олон улсын
шууд нислэг хүлээн авдаг болгох, нислэгийн хуваарь, нислэг үйлдэх давтамжийг
нэмэгдүүлэх болон тийзийн үнийг бууруулах талаар анхааран ажиллаж байна гэв. Энэ ажлыг төр-хувийн
хэвшлийн хамтын оролцоонд түшиглэж буйг
тодотголоо.
Мөн МИАТ ТӨХК нэгдүгээр сарын 30-наас БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэ 2011 онд баталсан үнэ тарифаар өнөөдөр үйлчилж байна. Юань, долларын ханшийн өсөлт нөлөөлж байгаа хэдий ч тус чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хамгийн хямд буюу 1 сая 200 мянган төгрөг байна. Өнөөдрийн ханшаар юань 519 төгрөг, доллар 3517 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Цаашид ч зам, тээврийн салбар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой бодит үр дүн гаргаж ажиллана гэдгийг онцлон хэлэв.
БНХАУ хилээ 100
хувь бүрэн нээгээгүй, зөвхөн авто замын хил чөлөөтэй байгаатай холбоотой цаг үеийн
хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж
байгаа ч боломжит хувилбараар шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгийг холбогдох
албаныхан хэллээ.
Уулзалтад ИНЕГ,
МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, “Хүннү
Эйр” зэрэг агаарын тээврийн компаниудын болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл
оролцлоо. Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа эргэн сэргэж байгаа энэ цаг
үед гадаад жуулчдыг татахын тулд олон
улсын болон дотоодын нислэг, үнэ тарифтай холбоотой зарим асуудлаар талууд байр
сууриа илэрхийлж, зорчих тийзийн үнийг
нэг сая төгрөгт тогтоон барих зэрэг нэгдсэн ойлголтод хүрлээ.