БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргад Х.Арман, А.Камелият нарын нэрийг дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-09 15:00:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан өнөөдөр 11:00 цагт  эхэллээ.  Хуралдаанд 38 төлөөлөгч оролцохоос 35 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлын ирц 98.7 хувьтай  байна. 

Хуралдаанаар:

- Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх;

- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал;

- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн товыг зарлах;

- 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих ан амьтны дээд  хязгаарыг тогтоох;

- Нутаг дэвсгэрийн өвөлжилтийн талаарх мэдээлэл ба авах арга хэмжээний тухай;

- Өлгий Сансар эмнэлгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хурлын төлөөлөгчид одоо аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

2020 онд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Бауыржан 2022 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүнийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман орлож байсан.

Энэ сарын 8-ны өдөр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Х.Арманыг Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгсөн. Тус чиглэлийн дагуу аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Х.Арманы нэрийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлээд байна. Харин 2016-2020 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, одоогийн Татварын хэлтсийн дарга А.Камелият заалаас нэр дэвшлээ.

Одоо хуралдааны үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчид саналаа хэлж байна.

Холбоотой мэдээ