Монгол Улс бүх үхэр сүргээ бүртгэж, ээмэг зүүнэ

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2023-02-13 13:39:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилийн мал тооллогоор Монгол Улс нийт 5.5 сая үхэртэй гэж бүртгэгдсэн. Энэ нь   таван хошуу малынхаа дотор 7.7 хувийг эзэлж байгаа, гуравт жагссан үзүүлэлт юм.


Харин ХХААХҮЯ-наас 5,5 сая үхэр сүргээ албан ёсоор бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ гэдэг мэдээлэл өгсөн нь олны анхааралд шууд өртөж, эхэллээ.


Энэ мэдээлэлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Малын генетик нөөцийн тухай” хуулиар малыг бүртгэлжүүлэх шаардлагатай байдаг. Энэ хуулийн дагуу өнгөрсөн оны сүүлчийн мал тооллогоор бүртгэгдсэн 71,1 сая малыг заавал бүртгүүлэх шаардлага гарч ирээд байгаа юм. Ингэж бүртгэлжүүлэх нь хэд хэдэн ач холбогдолтой. Манай дотоод зах зээл болон гадааын зах зээл рүү нийлүүлэх махны экспортоо аваад үзэхээр олон улсын жишигт нийцсэн бүртгэлжүүлэлтийг төрсөн цагаас нь хийсэн, эцсийн бүтээгдэхүүн болоод үйлчлэгчийн ширээн дээр очиход л аль аймгийн хэн гэдэг малчны мал болох нь тодорхой байх жишээтэй. Олон улсын жишиг ч ийм байдаг. Иймээс малын бүртгэлжүүлэлтийг хийх шаардлага хэрэгцээ гараад байгаа. Бидний хувьд бүх малаа улсын хэмжээнд нэг дор бүртгэлжүүлэх боломж байхгүй. Бүртгэлжүүлнэ гэдэг нь зөвхөн ээмэгжүүлэх ажил бус. Нэг цогц үйл ажиллагаа болохоор хугацаа орно, хөрөнгө мөнгө шаардлагатай. Бүртгэлжүүлэхийн нэг хэсэг нь л ээмэгжүүлэх. Энэ жилийн тухайд яамны зүгээс бодлого гаргаад оны эцсээр бүртгэгдсэн 5,5 сая үхрээ эхлээд бүртгэлжүүлж, ээмэгжүүлье гэсэн чиглэл барьж байгаа. Яагаад гэхээр гадны орнуудын зүгээс манай улсыг 70 гаруй сая малтай, түүн дотроо үхэр экпортлох давуу талтай гэж харж байдаг. Тийм болохоор махаа экспортод яаралтай гаргахын тулд малаа бүртгэлжүүлэх ажлыг үхэрнээс эхлэхээр шийдсэн. Малын гоц халдварт өвчинтэй холбоотой 5 гаруй сая үрхийг өнгөрсөн жил хоёр үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулсан. Өнөө жилийн тухайд вакцинжуулах ажлаа, бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэхтэй давхар хийчихье гэж бодож байгаа. Ингэснээр зардал мөнгө хэмнэгдэх нөхцөл бололцоо байгаа гэж харж байна. Тийм болохоор энэ жил үхэр сүргээ бүрэн ээмэгжүүлэх том зорилт тавиад байгаа юм” гэж тайлбарлажээ.


Салбар яамны албан ёсны тайлбар нь дор байна.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх (ээмэгжүүлэх) гэж юу вэ?-

Дэлхийн бүх улс орон мал сүрэг, тэр дундаа үхэр сүргээ 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн байдаг. “Малын генетик нөөцийн тухай” хуульд малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, малыг үл давтагдах хувийн дугаар бүхий хэрэгслээр тэмдэглэж, малын бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах ажиллагааг хэлнэ. Ингэснээр:

1. Тухайн малын нас, хүйс, үүлдэр угсаа, ашиг шимийн байдал зэрэг бүхий л мэдээллийг дахин давтагдашгүй зураасан кодтой ээмэгний тусламжтайгаар бүртгэж, Малын бүртгэл мэдээллийн цахим санд оруулах боломж бүрдэнэ.

2. Тухайн мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь аль аймгийн, аль сумын, аль багийн, хэн гэдэг малчны хотоос гарал үүсэлтэй болох нь тодорхой болно.

3. Тухайн малд ямар вакцин хэдийд хийсэн, тарилга туулгалтад цаг тухай бүрд хамрагдсан эсэх мэдээлэл бүрдэхээс гадна вакцин тариулаад, биеэс нь гадагшлах хугацаа дуусаагүй байхад хүнсэнд хэрэглэх явдал үгүй болно.

4. Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг хянах нөхцөл бүрдэнэ.

5. Малын генетик нөөцийн тухай хуульд "Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн малын бүртгэлийг үндэслэнэ гэж заасан нь үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажлын эрх зүйн үндэслэл болж байна. Уг ажилд шаардлагатай багаж, ялган тэмдэглэх хэрэгслийг Дэлхийн банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн эх үүсвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бус Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг зохион байгуулна гэжээ.


Энд бас нэгэн сонирхолтой баримтаас дурдъя. Япончуудын үхрэндээ маш эртнээс ээмэг зүүсэн түүхтэй юм байна. Япончууд МЭӨ 300-гаад оноос хойш эх газраас үхэр, тахиа, гахайг цагаач иргэдээр дамжуулан нутагшуулжээ. Гэхдээ 1867 онд Мейжийн хувьсгалын үеэр үхрийн махны хориог цуцлахаас өмнө хүнсэнд огт хэрэглэдэггүй зөвхөн тээвэр, газар тариаланд хэрэглэдэг байж. Бүр зэрлэгшсэн төрийн хамгаалалтад байдаг нутгийн үхрийн үүлдэр ч одоог хүртэл хэдэн мянган жил байсаар иржээ. 1868-1878 оны хооронд үхрийн үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлийн 2600 үхрийг оруулж иржээ. Олон жилийн тууштай бодлогын дүнд Японд бий болгосон вагью махны чиглэлийн 4 үүлдэр бий болгож чадсан байна. 1919 онд анхны сайжруулсан япон үүлдэрийг бүртгэж эхэлсэн боловч 1944 онд малын бүртгэлийг илүү нарийвчлан зохион байгуулж Black, Brown, Poll үүлдэрүүдийг албан ёсоор зарлажээ. 1957 онд Shorthorn мухар үхрийн үүлдэрийг бүртгэж авчээ. 2008 оны тооллогоор Япон Улс нь нийт 2,8 сая үхэртэй бөгөөд 1,7 сая нь албан ёсны бүртгэлтэй вагью махны чиглэлийн үхэрнүүд байна. Махны чиглэлийн үхэрнүүдийг төрөхөөс нь эхлэн дугаар олгодог бөгөөд энэ дугаар нь эцсийн хэрэглэгчид очих хүртэл нээлттэй байдаг. Сайжруулсан цахим бүртгэлийн дугаарт тухайн үхэр нь хэдэн настай, ямар үүлдэр, аль нутагт, ямар тэжээл идэж өссөн, ямар үйлдвэрээр дамжин эцсийн хэрэглэгчид очиж байгаа талаар бүх мэдээллийг агуулдаг. Япон вагью үүлдэрийг сайжруулахын тулд тасралтгүй ажилласаар байгаа бөгөөд энэ талаар маш олон арга хэмжээ зохион байгуулдаг байна. Энэ ажил нь мэргэжлийн холбоодын зуун дамжин хийж байгаа ажил юм гэж цахим орчинд @Erdenebileg Uriankhan мэдээлэл хуваалцжээ.


Хэдийгээр мал сүрэг хувь хүний өмч ч гэлээ Монгол Улсын Үндсэн Хуулийн 5-р зүйлд "Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан үүргээ биелүүлж, малаа жинхэнэ утгаар нь төр хамгаалалтдаа авах зорилгоор энэ жил 5.5 сая үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.


Малыг ялган тэмдэглэж, цахим мэдээллийн санд бүртгэснээр малын эрүүл мэндийг хамгаалж, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хүртээмжтэй хангах, боловсруулах үйлдвэрийг технологийн шаардлага хангасан түүхий эдээр тогтвортой хангах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн эргэлтийг дээшлүүлэх зэрэг суурь нөхцөл бүрдэх олон чухал ач холбогдолтой гэдгийг хариуцсан салбарынхан нь хэлж байна. 

Холбоотой мэдээ