ТӨВ: БНСУ-ын Кангвон мужаас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-14 09:11:11

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг нь сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээх улс орны муж, аймгуудтай харилцаат, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа билээ. Үүний нэгэн томоохон төлөөлөл бол БНСУ юм. Иймд тус улстай хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлуудын талаар Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Хишигдолгороос тодрууллаа.


Төв аймаг нь БНСУ-ын Кангвон муж, Пёнтек хот, Кёнсан мужийн Намхе дүүрэгтэй хамтран ажилладаг.


Төв аймаг шууд харилцаат Солонгос улсын Кангвон мужийн хооронд анх 1999 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аймаг мужийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээг аймгийн Засаг дарга БНСУ-ын Кангвон мужийн захирагч нарын хооронд байгуулснаар хамтын ажиллагаа эхэлсэн.

 2003 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөдөө аж ахуйн яам болон БНСУ-ын Кангвон муж хоорондын хөдөө аж ахуйн тосгон байгуулах талаар хамтран ажиллах гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Хөдөө аж ахуйн тосгон байгуулахаар ХХААЯ, ХХААГ-тай хамтарсан гэрээг тус тус байгуулсан.

Төв аймаг Кангвон муж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүнсний нарийн болон жимст ногоог тариалан нутагшуулах, таримлын нэр төрлийг олшруулах, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, эрчимжүүлэлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ААН, иргэдийг сургалт, мэдээллээр хангаж тэднийг дадлагажуулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, аймаг мужийн гадаад харилцааг бэхжүүлэх, Монгол Улсад хөдөө аж ахуйн технологи дамжуулах зорилгоор “Кангвоны хөдөө аж ахуйн хотхон” төслийг  3 үе шаттай хэрэгжүүлж 3 хотхон байгуулсан.

“Кангвон ХАА-н хотхон” төсөл дараах үе шаттай хэрэгжиж байна.

1 дэх шатны ажил  2004-2006 он Борнуур суманд 1500 мкв

2 дахь шатны ажил  2007-2011 он Зуунмод суманд 3500 мкв

3  дахь шатны ажил 2011-2015 он Баянчандмань 1000 мкв суманд тус тус хэрэгжиж одоогийн байдлаар үйл  ажиллагаа нь үр  дүнтэй  амжилттай явагдаж  байна.

Мөн 2019 онд тус аймгийн Зуунмод хотын “Соёл амралтын хүрээлэн”-д Экологийн боловсрол олгох төвийг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг.


Эдгээр харилцаат мужуудтай жил бүр харилцан хамтран хэрэгжүүлэх саналаа солилцдог. Кангвон муж нь хүлэмжийн аж ахуйгаас гадна Төв аймагт онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд мөн дэмжлэг, тусламж үзүүлдэг. Түүнчлэн Төрийн албан хаагчдыг жил бүр солилцоо хөтөлбөрт хамруулдаг. Энэ нь БНСУ-д сонгогдсон төрийн албан хаагч 6 сарын хугацаанд ажиллаж амьдарч, туршлага судлах явдал юм.


2021 онд Пёнтек хоттой хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд Төв аймгийн Нийтийн номын сангийн их засварын ажлыг 900 гаруй сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.


2022 оны 11 дүгээр сард Кёнсан мужийн Намхе дүүрэгтэй Борнуур, Эрдэнэ сумын Засаг дарга нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ч одоогоор ажлууд эхлээгүй байна.

 

Холбоотой мэдээ